БНСУ-ын Сөүл хотын Итэвонд болсон ослын улмаас амиа алдсан хүний тоо 154-т хүрчээ
10-р сарын 29-өөс 30-нд шилжих шөнө БНСУ-ын нийслэл Сөүл хотод сүнсний баяр тэмдэглэж байх үеэр үүссэн шахцалдаан, олныг хамарсан үймээний үеэр амиа алдсан хүний тоо 154-т хүрлээ гэж тус улсын Засгийн газраас өчигдөр мэдээллээ. Болсон үйл явдалтай холбогдуулан Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёль шуурхай ажлын хэсэг байгуулахыг Засгийн газартаа үүрэгдсэн бөгөөд одоогоор хуулийн байгууллага олон хүний амийг авч одсон энэхүү үйл явдлын гол буруутнуудыг олж тогтоохоор ажиллаж байна гэж мэдэгдсэн байна.

10-р сарын 29-нд БНСУ-ын Сөүл хотын Итэвонд шахцалдаанаас үүдэлтэй эмх замбараагүй байдлын улмаас амиа алдсан хүний тоо 154-т хүрсэн төдийгүй амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь өсвөр болон 20 орчим насны залуучууд байсныг холбогдох албанаас мэдээлсэн байна. Мөн амиа алдагсдын 26 нь  АНУ, Франц, Хятад, Япон, Австрали, Норвеги зэрэг гадны улс орны иргэд байжээ. 100 мянга гаруй хүн гуравхан метр өргөнтэй 5 холбоос нарийн гудамжинд шахцалдсанаас үүдэн зарим хүмүүс амьсгалын дутагдалд орж, газар унан бусдын хөлд амиа алдсан гэж үзэж байна.

Хөх ордны тэргүүн Юн Сок Ёль 10-р сарын 30-аас эхлэн 11-р сарын 5-ыг хүртэл улс даяар гашуудал зарлажээ. Юн Сок Ёль ард түмэндээ хандан туйлын харамсалтай явдал болсныг цохон тэмдэглээд, үүнтэй ижил эмгэнэлт явдал ахин хэзээ ч бүү тохиолдоосой хэмээн мэдэгдсэн байна. “Ард түмний амь нас, аюулгүй байдлыг хариуцдаг Ерөнхийлөгчийн хувьд миний зүрх сэтгэл шимширч, эмгэнэн гашуудаж байна. Засгийн газар өнөөдрөөс эхлэн болсон хэрэг явдлыг бүрэн хяналтдаа авах хүртэлх хугацаанд орон даяар гашуудал зарлаж, үүнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээг эн тэргүүнд тавина” гэж хэлсэн байна. Тэрээр мөн "Ослын шалтгааныг тогтоох, түүнтэй төстэй ослоос урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Иймд бид ослын шалтгааныг сайтар судалж, цаашид ийм төрлийн осол гаргахгүйн тулд зарчмын хувьд сайжруулах алхмуудыг хийнэ” гэж цохон тэмдэглэжээ.

Даваа гараг буюу өнөөдрийн байдлаар шахцалдааны улмаас гэмтэж бэртсэн хүний тоо 133 хүрээд байгаа бол тэдгээрийн 40-ийнх нь биеийн байдал хүнд байгааг БНСУ-ын Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байна.