1992 онд баталсан Үндсэн хуулиар иргэдийн эрх ашгийг хамгаалах, ардчилсан засаглалыг хангах, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг үндсэн хуульд нийцүүлэх үүднээс Үндсэн Хуулийн Цэцийг байгуулж байсан түүхтэй. Тэгвэл энэ 30 жилийн хугацаанд огт шинэчлэл хийгдээгүй Үндсэн Хуулийн Цэцийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэх, олон улсын жишигт нийцүүлэх шаардлага бий болсон гэж судлаачид үзэж байна.
Үндсэн Хуулийн Цэцийн тухай хуулийг сүүлийн 30 жилийн хугацаанд шинэчлээгүйгээс үүдэн олон асуудал гардаг талаар судлаачид санал нэгддэг. Үндсэн Хуулийн Цэцэд захиргааны хэрэг, иргэн хоорондын маргааны асуудлыг Үндсэн Хуулийн Цэцээр шийдвэрлүүлэхээр ханддаг тохиолдол олон гардаг. Тэгвэл эдгээр асуудлыг шийдвэрлэх, Үндсэн Хуулийн Цэцийг шүүхээс ялгах зорилгоор үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох шаардлага үүссэн.
Үндсэн Хуулийн Цэцийн тухай хуулийг шинэчлэн найруулахад олон улсын жишигт нийцсэн хэлбэр рүү шилжүүлэх буюу Үндсэн Хуулийн Цэц нь үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт ороход хянадаг тогтолцоо руу шилжих нь зүйтэй гэж үзэж байна.
Гэвч тогтолцооноос илүү Үндсэн Хуулийн Цэцийн гишүүдийн томилгооны асуудал хөндөгдөж байна. Тухайлбал цэцийн гишүүдийг томилох, гишүүдэд тавигдах босгыг өндөрсгөх, томилогдох гишүүдийг олон нийтийн санал асуулга байдлаар томилох зэрэг өөрчлөлтийг оруулах шаардлагатай гэж судлаачдын зүгээс үзэж байна.
Үндсэн Хуулийн Цэцэд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, хяналтыг өргөжүүлэх үүднээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр цэцийн тухай хуулийг шинэчлэн найруулж ирэх хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна.