Шинэхэн ээжүүдэд улсаас 0-3 хүртэлх насны хүүхдээ асарсны тэтгэмж буюу цалинтай ээжийн 50 мянга төгрөгийг сар бүр олгодог боловч сүүлийн үед зарим ээжийн дансанд энэ мөнгө орохгүй байна.
Халамжийн нэгдсэн систем болох Е-Халамжаар цалинтай ээжийн 50 мянга төгрөгийн хүсэлтийг гарган бүртгүүлж, тэтгэмж авах боломж бүрддэг. Гэвч Е-Халамж системд зарим ээжийн бүртгэл нь “Ажил эрхэлж байгаа тул тэтгэмжийг олгохгүй” гэсэн бичилт гарч ирж байна. Тодруулбал, тухайн ээж ажилдаа ороогүй байхад ажилдаа орсон гэж бичилт хийгдэж, тэтгэмжийн мөнгө нь тасалдаж байгаа талаар ээжүүд ярьсан юм.
Тэгвэл албаны зүгээс хэлэхдээ тухайн ээж гэртээ хүүхдээ харж байгаа ч ажлын газраас нь ямар нэгэн урамшуулал олгож байгаа тохиолдолд Е-Халамж систем дээр ажил эрхэлж байгаа гэсэн бичилт гарч ирж болно. Тодруулбал, тухайн ээж жирэмсний амралт авсан болон хүүхдээ асарч байгаа үед ажлын газраас нь сарын болон жилийн эцсийн урамшуулал зэргийг олгож болно. Энэ үед “ажил эрхэлж байгаа тул тэтгэмжийг олгохгүй” гэсэн бичилт гарч ирдэг байна. Гэхдээ үүнийг засах боломжтой гэсэн юм.
Хэрэв дээрхтэй адил тохиолдол гарсан бол ээжүүд тухайн дүүргийн Нийгмийн даатгалын газар хандан, 0-3 насны хүүхдээ асарсны тэтгэмж болох 50.000 төгрөгийг нөхөн авах боломжтой юм.