БНХАУ-д дахин олон сая хүнийг хамарсан хөл хорио тогтоов

Сүүлийн хоёр хоногт эх газрын Хятад улсад “Ковид-19”-ийн халдварын 2000 гаруй шинэ тохиолдол илэрснийг холбогдох албанаас өчигдөр мэдээллээ. Үүнтэй холбогдуулан тус улсын томоохон муж, хотуудын эрх баригчид ээлжит хорио цээрийн хэсэгчилсэн дэглэмийг хэрэгжүүлж эхэлсэн нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа талаар өрнөдийн хэвлэлүүд онцолж байна.

БНХАУ-ын муж, хотуудын удирдах албан тушаалтнууд өвлийн улирал эхэлж байгаа энэ үед “Ковид-19”-ийн халдварын дэгдэлтийг хяналтдаа авахын тулд ээлжит удаагийн хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлж эхэлсэн төдийгүй олон сая хүнийг ямар ч бэлтгэлгүй байх үед буюу өнгөрсөн даваа гаргаас эхлэн хорио цээрийн дэглэм дагаж мөрдөхийг үүрэгдсэн байна.

Сүүлийн үеийн мэдээллээр Хятадын Шанхай хотын “Дисней” амралт зугаалгын газарт зорчиж явсан иргэд, жуулчид урьдчилан мэдэгдэлгүйгээр хорио цээрийн дэглэм дагаж мөрдөхөөс өөр аргагүй болсон бөгөөд тэдгээр хүмүүс “ПСР” шинжилгээ өгсний дараа сөрөг хариу гарах хүртэл тус байгууламжаас гарахыг нь хориглосон байна. Эх сурвалжуудын мэдээлснээр өнгөрсөн ням гарагт уг үйл явдал тохиолдсон бол Дисней паркт ойролцоогоор 30 мянган хүн зорчиж байжээ.

Түүнчлэн үндэстэн дамнасан аж ахуйн нэгжүүд болох Аpple, Шведийн тавилга үйлдвэрлэгч “Ikea”, “Tеsla” компаниудын Хятад дахь салбарын үйлдвэрүүдэд “Ковид-19”-ийн халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан иргэдийг ажлын байрт нь хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Уг шийдвэрийг эсэргүүцсэн иргэд хяналтын ажилтнуудад эсэргүүцлээ илэрхийлж эхэлснээс гадна гэнэтийн хөл хорионы хоол, хүнсний хомсдолын улмаас оргож, зугтааж байгааг дүрс бичлэгт буулгажээ.

Түүнчлэн дахин хөл хорио тогтоож эхэлсэнтэй холбогдуулан БНХАУ-аас гарах агаарын нислэгийн тасалбарын борлуулалт үлэмж хэмжээгээр нэмэгдсэнийг эх сурвалжууд мэдээлжээ.