Илон Маск Твиттер компанийн гүйцэтгэх захирлаар ажиллана гэдгээ мэдэгджээ

Дэлхийн хамгийн баян хүн Илон Маск өнгөрсөн долоо хоногт 44 тэрбум ам.доллароор худалдан авсан “Твиттер” цахим сүлжээний компанийн гүйцэтгэх захирлаар ажиллана гэдгээ даваа гарагт мэдэгдсэн байна. Тэрбээр “Twitter”-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэж байсан Параг Агварал тэргүүтэй компанийн бусад өндөр албан тушаалтнуудыг өнгөрсөн долоо хоногт халсныхаа дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт тэрбээр уг нийгмийн сүлжээний компанийг 44 тэрбум ам.доллароор худалдан авах олон сар үргэлжилсэн үйл явцыг дуусгасан юм. Түүнээс хойш Илон Маск сүүлийн хэдэн сарын турш шүүмжлэл дагуулсан компанийн удирдлагын бүтцэд өөрчлөлт хийх ажилдаа шуурхай оржээ.

Мөн тэрбээр Твиттер цахим сүлжээн дэх хуурамч хаягуудыг бүгдийг нь цэвэрлэхээс гадна  зар сурталчилгаа байршуулах үйлчилгээг бүрэн цуцалсан байна. Үүнээс гадна албан ёсны хэрэглэгчийн бүртгэл үүсгэж цэнхэр тэмдэглэгээ ашиглаж байгаа хүмүүс сар тутам 20 ам.доллар төлөх шаардлагатай болно гэдгийг мэдэгдсэн байна.

Твиттер цахим сүлжээг илүү олон нийтэд нээлттэй, залуучуудын сонголт болгох зорилготой байгаа талаараа өмнө нь мэдээлж байсан Илон Маск, компанийн удирдлагыг гартаа авсны дараа цэвэр бизнесийн ач холбогдлыг харсан шийдвэр гаргаж байгааг хэрэглэгчид шүүмжилжээ.