Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаар өдөрт 200-300 орчим хүүхэд үйлчлүүлж байна

Хүйтний улирал эхэлсэн энэ өдрүүдэд бага насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл нэмэгдсэн байна. Улмаар Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн ачаалал ихсэж яаралтай тусламжийн тасгаар хоногт 200 орчим хүүхэд үйлчлүүлж байна. Эдгээр хүүхдүүдийн 50 орчим нь хэвтэн эмчлүүлэх зайлшгүй шаардлага үүсдэг байна.

Тус эмнэлэгт 220 орчим хүүхдийг хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай. Ачаалал ихэссэнээс үүдэн өчигдрийн байдлаар 60 орчим орыг нэмэлтээр дэлгэжээ. Энгийн үед эмчилгээний тасагт 2-4 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг бол өчигдрийн байдлаар зургаа болж нэмэгджээ.

Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ халууныг буулгах арга хэмжээ авалгүй шууд яаралтай тусламжийн тасагт ханддаг. Ингэснээр хүүхэд замдаа өндөр халуурах,таталт өгөх зэрэг эрсдэлүүд үүсдэг байна. Тиймээс иргэд эхний ээлжинд заавал анхан шатны тусламж авах буюу ӨЭМТ-д хандах ёстойг албаныхан хэлж байна.

Яаралтай тусламжийн тасгаар дулааны улиралд хоногт дунджаар 70-80 орчим хүүхэд үйлчлүүлдэг бол эд хүйтний улирал эхлэхэд 300 орчим болж нэмэгддэг. Тэгвэл зарим эмч мэргэжилтнүүдийн зүгээс өвчтөн нэмэгдэж ачаалал ихсэхэд ажиллах нөхцөл байдал нь хүндэрдэг тухай ярьж байна. Харин НЭМГ-ын дарга эмнэлгүүдэд ачаалал багатай байгааг хэлж байна. Цаашид ч эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэх төлөвтэй байгаа энэ үед холбогдох албан тушаалтнуудын зүгээс эмнэлгийн ор хүрэлцээтэй ачаалал бага байна гэх боловч бодит байдал дээр нөхцөл байдал хүнд эмнэлгийн ачаалал их, хэвтэн эмчлүүлэх нөөц бололцоо тааруу байгааг иргэд хэлж байна.