Сарын хугацаанд урлаг, соёлын байгууллагууд өөр өөрсдийн онцлогоор үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ

Соёлын яамны санаачлагаар жил бүрийн 11 дүгээр сарыг соёлын бүтээлч сар болгосон. Энэ жилийн тухайд үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлж бүх нийтийг соён гэгээрүүлэх, бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалаар дамжуулан орон нутгийн тогтвортой хөгжлийг хангахад үйл ажиллагаа нь чиглэж байна.

  • Үндэсний бахархал, эв нэгдэл
  • Бүх нийтийн соёлын боловсрол
  • Соёлын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар
  • Соёлын аялал жуулчлал, орон нутгийн тогтвортой хөгжил гэх үндсэн сэдвүүдийн дор соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын үйл ажиллагааг идэвхижүүлэх юм байна.

Мөн соёлын хүртээмжийг нэмэгдүүлж цаашид хэрхэн, яаж хөгжүүлэх ерөнхий зураглалыг гаргах зорилт тавьжээ.

Нэг сарын хугацаанд урлаг, соёлын байгууллагууд өөр өөрсдийн онцлог, үйл ажиллагааны давуу талуудыг танилцуулж, түгээн дэлгэрүүлдэг. 2021 оны Соёлын бүтээлч сараар үзэгчдийг ажиглахад таниулан сурталчлах, ойлгуулах ажил дутагдалтай байсан нь мэдрэгдсэн гэдгийг салбарын төлөөлөл хэлж байсан юм.

Соёлын бүтээлч сараар Улаанбаатар хотод 140 гаруй, орон нутагт 600 гаруй арга хэмжээ, хөтөлбөрүүдийг төлөвлөжээ.