Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон тэтгэврийн насыг 3 жилээр нэмэгдүүлж 65-д хүргэх амлалтыг өчигдөр өглөө. Ингэснээр тус улсын залуу үеийнхэн цаашид илүү олон жилийг хөдөлмөрийн зах зээлд өнгөрүүлэх шаардлагатай болж байна. Тэрээр Франц-2 сувагт ярилцлага өгөх үеэрээ энэ талаар мэдэгдсэн төдийгүй ирэх жилээс дээрх шинэчлэлийг албан ёсоор эхлүүлнэ гэдгээ онцлон тэмдэглэжээ.
Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон өчигдөр буюу лхагва гарагт Франц-2 сувагт ярилцлага өгөх үеэрээ тэтгэвэрт гарах насыг одоо байгаагаас гурван жилээр нэмэгдүүлэх саналыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Мөн тэрээр уг шинэчлэлийн ажлыг ирэх жилээс албан ёсоор эхлүүлэхээр бэлтгэж байгаа гэдгээ мэдэгдсэн төдийгүй хуулийн хүрээнд хамгийн оновчтой өөрчлөлт оруулах амлалтыг өгчээ. Эммануэль Макрон хэлэхдээ “бид урт насалж байна. Хүмүүс эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд ихээр анхаарал хандуулдаг болсон. Иймд иргэдийн идэвхтэй амьдралыг дэмжиж тэтгэврийн насыг нэмэгдүүлэх нь зөв шийдвэр юм” хэмээн тайлбарлажээ. Мөн уг тэтгэврийн шинэчлэлийг шат дараатайгаар хэрэгжүүлж 2030 он гэхэд гавьяаны амралтад гарах насыг 65-д хүргэх юм байна. Үүнтэй холбогдуулан Үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд саналаа оруулах нь үргэлж нээлттэй бөгөөд тэдний санал хүсэлтийг харгалзан үзэж хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулна гэдгээ Макрон цохон тэмдэглэжээ.
Макрон уг тэтгэврийн шинэчлэлийн талаар анх 2019 онд танилцуулж байсан нь иргэдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан төдийгүй үүний улмаас олныг хамарсан жагсаал зохион байгуулагдаж, олон мянган төрийн алба хаагчид ажилт хаялт зарлаж байсан юм. Тухайн үед дэлхий дахин цар тахлын аюул нүүрлэж уг асуудал намжиж байжээ. Тэгвэл тэрээр дахин хуулийн шинэчлэлтийг асуудлыг хөндсөн нь олны дургүйцлийг хүргээд байгааг Өрнөдийн хэвлэлүүд онцолж байна.
Ялангуяа тус улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд болон эмэгтэйчүүд түүний уг шийдвэрийг таатай хүлээж аваагүй юм. Учир нь амьдралын шаардлагаар буюу хүүхэд төрүүлсэн болон хүүхдээ өсгөхийн тулд ажлаасаа түр хугацаагаар чөлөөлөгдсөн зэрэг эмэгтэйчүүд уг шинэчилсэн хуулийн дагуу 67 насандаа тэтгэвэрт гарах шаардлагатай болж байгаа гэжээ. Мөн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх эсэх дээр дутуу дулимаг хандаж байгааг тус улсын Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид шүүмжилжээ.