Израилын Парламентын ээлжит бус сонгууль боллоо

Мягмар гарагаас эхлэн Израил улсын иргэд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тав дахь удаагаа ээлжит бус бүх нийтийн сонгуульд саналаа өгч байна. Ээлжит бус сонгууль лхагва гарагт орон нутгийн цагаар 22:00 цагт өндөрлөжээ.

Израилын сонгуулийн төв хороо ойролцоогоор 6.7 сая сонгуулийн насны иргэн ээлжит бус сонгуульд саналаа өгөх эрхтэй байгаа гэж мэдээлжээ. Харин лхагва гарагт буюу өчигдөр орон нутгийн цагаар 4.5 сая сонгогч хэдийн саналаа өгчээ. Санал хураалтыг 22:00 цагт өндөрлүүлнэ гэдгээ эрх баригчид мэдээлжээ. Израилын Парламентын 120 суудлын төлөө нийт 40 нам өрсөлдөж байна. Бүх саналын хуудсыг тоолсны  дараа ерөнхийлөгч хамгийн олон санал авсан намын даргад Засгийн газрыг эмхлэн байгуулахыг даалгана. Энэ удаагийн сонгуульд “Ликуд”, “Еш Атид”, “Ткума” зэрэг намууд тэргүүлж байна. Ерөнхий сайд асан Биньямин Нетаньяхугаар сүүлийн 17 жилийн турш удирдуулсан “Ликуд” нам нь тус улсын барууны үзэлт хамгийн том нам юм. Израилыг хамгийн удаан удирдсан Б.Нетаньяхугийн хувьд Ерөнхий сайдын албыг 12 жил дараалан хашиж, 2021 оны 6-р сард халаагаа өгсөн. Сүүлийн үеийн санал асуулгын дүнгүүдээс үзэхэд “Ликуд” нам 30-31 суудал, тэдэнтэй хамтрах эвсэл 60 орчим суудал авах төлөвтэй байгаа нь Нетаньяху Засгийн эрхийг барихад шаардлагатай суудлыг авахад ердөө нэг суудал дутаж магадгүй гэсэн үг байна. Харин “Еш Атид” намыг өдгөө 58 настай, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Гадаад хэргийн сайд Яир Лапид байгуулан удирдаж байгаа юм. Түүний удирдсан нам энэ удаагийн сонгуульд 54 суудал авах төлөвтэй байгаа юм. Мөн тэрээр “цэвэр улс төр”-ийн төлөө зүтгэнэ гэдгээ кампанит ажлынхаа үеэр онцолж, авлигын хэрэгт нэр холбогдож байсан Нетаньяхуд огцрохыг уриалсан байна. 

Ээлжит бус сонгуулийн албан ёсны дүнг пүрэв эсвэл баасан гарагт танилцуулах төлөвтэй байна. Энэ удаагийн сонгуулийн ирц 1999 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн гэдгийг холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ. Израилд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд явуулсан тав дахь Парламентын сонгууль энэ болж байгаа юм.