Монгол улс Бүгд Найрамдах Турк улстай 1969 онд дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд улс төр, хүмүүнлэгийн салбарт түлхүү хамтран ажиллаж ирсэн. Тэгвэл БНТУ-ын Соёл, Аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсоё манай улсад айлчлах үеэр 2 улсын Соёлын сайд нар “Соёлын салбарт хамтран ажиллах тухай” санамж бичигт гарын үсэг зуржээ.
Турк улс нь дэлхийн хамгийн их жуулчин хүлээн авдаг зургаан улсын нэг бөгөөд Истамбул хотын Их Базаар худалдааны төвөөр жилдээ 90 сая орчим гадаад, дотоодын жуулчид үйлчлүүлдэг байна. Учир нь уг худалдааны төв 1457 оноос үйл ажиллагаа явуулж байгаа түүхэн соёлын үнэт гэрч гэж үздэг байна. Энэ мэтчилэн Турк улс өөрсдийн түүх соёлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, соёл аялал жуулчлалыг зэрэгцүүлэн хөгжүүлж яваа улс. Монгол улс Турк улсыг гуравдагч хөрш гэж тодорхойлдог. Турк улсын Засгийн газраас Монгол улсад Түрэгийн хөшөө дурсгалыг сэргээн хамгаалах, Орхоны хөндийд дэлхийн соёлын өвийн музей байгуулах гэх мэт олон төслийн хүрээнд 2002-2017 оны хооронд 28 сая америк долларын буцалтгүй тусламж үзүүлж байжээ.
Монгол улс Бүгд Найрамдах Турк улстай 1969 онд дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд улс төр, хүмүүнлэгийн салбарт түлхүү хамтран ажиллаж ирсэн байна. Тэгвэл лхагва гарагт Турк улсын Соёл, Аялал жуулчлалын сайд манай улсад айлчлах үеэр МУ-ын Соёлын сайд Ч.Номин, БНТУ-ын Соёл, Аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсоё нар “Соёлын салбарт хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.
Мехмет Нури Эрсоё БНТУ-ын Соёл, Аялал жуулчлалын сайд
“Турк улс Монгол улсын Соёлын яамтай нэгдүгээрт музейн төсөлд хамтран ажиллаж байна. Хоёрдугаарт Турк зохиолчдын номыг Монгол хэл рүү орчуулж хэвлүүлж байгаа. Одоо Монгол зохиолчдын номыг Турк хэл рүү орчуулж, хоёр улсын ард түмэнд таниулан сурталчлах ажил дээр хамтарч ажиллах санал солилцсон. Мөн Турк соёлын төвийг их сургуулиудын дэргэд байгуулж хоёр орны найрамдалт хамтын ажиллагааг ард түмний хооронд улам өргөжүүлэх талаар ярилцсан. Нөгөөтээгүүр соёлын үйл ажиллагааны хүрээнд солилцооны хөтөлбөрөөр хоёр улсад наадам, фестивал зохион байгуулах асуудлаар харилцан санал солилцож, ярилцлаа.”
Айлчлалын үр дүнд цаашид хоёр улс соёлын сургуулиудыг түшиглэсэн соёл судлалын хүрээлэнгүүд байгуулах, үндэсний соёлын өвд хамаарах эд зүйлийг хууль бусаар импортлох, экспортлох болон худалдаалахаас урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллах зэрэг бүрэн хэмжээний соёл, түүх, урлагийн салбарт хамтарч ажиллах хэлэлцээрүүд хийгджээ.