Африк тивийн Уганда улсад Эбола вирусний халдварын улмаас 48 хүн нас баржээ

Африк тивийн Уганда улсад энэ оны 1-р сараас хойш Эбола вирусний халдварын шинжилгээгээр батлагдсан 131 тохиолдол илэрснээс 48 нь уг халдварын улмаас нас бараад байгаа талаар ДЭМБ-аас өнгөрсөн пүрэв гарагт мэдээллээ. Эбола вирус нь цочмог явцтай, үхлийн аюулд хүргэх өндөр эрсдэлтэй вирусээр дамжин халдварладаг өвчин гэж эрдэмтэд тодорхойлсон байна.

Энэ талаар тус улсын эрүүл мэндийн сайд “Вирусний халдварын дэгдэлтийг хяналтдаа авахад багагүй хугацаа шаардлагатай бөгөөд зохих эм, эмчилгээ болон эрүүл мэндийн байгууллагын нөөц дутмаг байгаа нь бэрхшээл  болж байна” хэмээн онцолсон байна.

Түүнчлэн “Африк тивийн Уганда улсад тархсан Эбола вирусний мутацид орсон хувилбарын эсрэг вакцины туршилтыг эхлүүлэхэд хэдэн сарын хугацаа шаардлагатай бөгөөд энэ оны эцэс гэхэд халдварын тархалтыг хяналтдаа авах төлөвтэй байна” гэж ДЭМБ-ын тэргүүн мэдээлжээ.

Эбола вирусний халдвар нь уг халдварыг авсан хүний арьс салст, цус, шээс, үрийн шингэн, өтгөн болон тэдгээрээр бохирлогдсон орчны эд зүйлстэй шууд харьцах замаар бусдад дамждаг гэдгийг ДНМБ-аас анхааруулсан байна. Мөн халдварын улмаас амиа алдсан хүний биед Эболагийн өвчин үүсгэгч вирус таван жилийн дараа ч хадгалагдаж байдгийг эрдэмтэд олж тогтоосон байна.