Монгол банкнаас Хөгжлийн банканд активын чанарын үнэлгээ хийхэд нийт зээлийн актив 3.2 их наяд төгрөгийн үнэлгээтэй гарсан байна. Гэвч нийт зээлийн 1.2 их наяд төгрөг нь чанаргүй зээл байгаа байна. Тэгвэл ирэх онд төлөгдөх бондын төлөлттэй холбогдуулан УИХ-аар Хөгжлийн банкны зарим асуудлыг хэлэлцсэн байна.
Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын үдээс хойшхи чуулганаар Засгийн газраас Хөгжлийн банканд авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн юм. Энэхүү мэдэгдэлд Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийг энэ оны сүүл гэхэд нэг их наяд төгрөгт хүргэнэ гэсэн юм.
Энэхүү мэдэгдлийн дараа УИХ дахь цөөнхийн бүлэг буюу Ардчилсан намын бүлгийн дарга Цогтгэрэл УИХ-ын дэгийн тухай хуулиар мэдэгдэл хийх байсан. Гэвч УИХ-ын гишүүдэд тараасан материал болон Сангийн сайдын илтгэл хоорондоо зөрүүтэй байгааг шүүмжилж мэдэгдэл хийх боломжгүй гэсэн юм.
Хөгжлийн банкны нийт 14 зээлийг бүрэн төлүүлж дуусаад байна. Одоогийн байдлаар 700 гаруй тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл байна. Зээлийн эргэн төлөлт тогтвортой үргэлжилбэл тус банкны хөрөнгийн үзүүлэлт 20 хувьд хүрч улмаар Хөгжлийн банк дампуурах эрсдэлээс гарах боломжтой байна.