Туркийн инфляцийн түвшин өнгөрсөн 10-р сард 85 хувьд хүрсэн нь сүүлийн 25 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж тус улсын Статистикийн хүрээлэн өнгөрсөн пүрэв гарагт мэдээлсэн байна. Тус улсад өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх сараас 4 хувиар өссөн байна.
Үнийн өсөлт тээврийн салбарт 117 хувь, хүнс, согтууруулах ундааны үнэ 99 хувь, тавилга, гэр ахуйн хэрэгслийн үнэ 93 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Туркийн Засгийн газраас 2021 оны тавдугаар сараас хойш тасралтгүй өссөөр байгаа инфляцийн эсрэг хариу арга хэмжээ авч, цалин нэмсэн боловч өрхийн худалдан авах чадвар эрс буурсаар байгаа гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Туркийн Төв банк үнийн өсөлтийг үл харгалзан бодлогын хүүгээ бууруулж байгаа нь Туркийн жилийн инфляцийн түвшин өнгөрсөн 10-р сард дээд цэгтээ хүрэхэд мөн дам нөлөө үзүүлсэн байна.
Өнгөрсөн жил ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мөнгөний бодлогын хүүгээ сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа зөөлрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Дараахан нь тус улсын Төв банк бодлогын хүүгээ бууруулж эхэлснээр лирийн ханш унасан бөгөөд үүдэж инфляцийн түвшин ч нэмэгдэж эхэлжээ. Сүүлийн зургаан сарын хугацаанд Туркийн Төв банк бодлогын хүүгээ нийтдээ 350 суурь нэгжээр бууруулж, 10 хувьд хүргэсэн байна. Энэ нь дэлхийн эдийн засгийн бодлогыг тодорхойлж байгаа хөгжингүй улс орнуудын мөнгөний бодлогыг чангаруулах зорилттой зөрчилдөж байгаа нь одоогийн Турк улсын эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрэхэд түлхэц болж байгаа гэж эдийн засагчид үзэж байгаа юм.
Туркийн эрх баригчид эдийн засгийн өсөлтөө тодорхойлохдоо үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхийн тулд урсгал тэнцлийн ашигтай байдлыг хангах зорилгоор мөнгөний бодлогын хүүг бага түвшинд барихыг урьтал болгожээ. Гэвч бодит байдал дээр Украины дайн, цар тахал зэргээс үүдэлтэйгээр үйлдвэрлэлийн гарц зогссоноос гадна үнийн өсөлт ч цаашид нэмэгдэх төлөвтэй байгааг шинжээчид мэдэгдэж байна.