Африк тивийн Уганда улсад эбола вирусийн халдварын улмаас 48 хүн нас баржээ

Африк тивийн Уганда улсад энэ оны 1-р сараас хойш эбола вирусийн халдварын шинжилгээгээр батлагдсан 131 тохиолдол илэрснээс 48 нь уг халдварын улмаас нас бараад байгаа талаар ДЭМБ-аас өнгөрсөн пүрэв гарагт мэдээллээ. Эбола нь цочмог явцтай, үхлийн аюулд хүргэх өндөр эрсдэлтэй вирусээр дамжин халдварладаг өвчин гэж эрдэмтэд тодорхойлсон юм.

2022 он гарснаас хойш дэлхий даяар эбола вирусийн 131 баталгаажсан тохиолдол илэрсэн бөгөөд эдгээр тохиолдлууд бүгд Африк тивийн Уганда улсад бүртгэгджээ. Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн сайд “вирусийн халдварын дэгдэлтийг хяналтдаа авахад багагүй хугацаа шаардлагатай бөгөөд зохих эм, эмчилгээ болон эрүүл мэндийн байгууллагын нөөц дутмаг байгаа нь бэрхшээл  болж байна” хэмээн онцолжээ.

Түүнчлэн “Африк тивийн Уганда улсад тархсан эбола вирусийн мутацид орсон хувилбарын эсрэг вакцины туршилтыг эхлүүлэхэд хэдэн сарын хугацаа шаардлагатай бөгөөд энэ оны эцэс гэхэд халдварын тархалтыг хяналтдаа авах төлөвтэй байна” гэж ДЭМБ-ын тэргүүн мэдээлсэн байна.

Эбола вирусийн халдвар нь уг халдварыг авсан хүний арьс салст, цус, шээс, үрийн шингэн, өтгөн болон тэдгээрээр бохирлогдсон орчны эд зүйлстэй шууд харьцах замаар бусдад дамждаг гэдгийг ДЭМБ-аас анхааруулж байна. Мөн халдварын улмаас амиа алдсан хүний биед эболагийн өвчин үүсгэгч вирус таван жилийн дараа ч хадгалагдаж байдгийг эрдэмтэд олж тогтоожээ.