Г.Ганбаяр: Гар урлаачид гадаад зах зээлд бүтээлээ гаргахад эдийн засгийн дэмжлэг дутагддаг

Авдрыг айлд буян тогтоож, эд баялаг дууддаг хэмээн билэгшээж нүүдэлчин монголчууд эртнээс өргөө гэрийнхээ хойморт залж ирсэн. Гэвч суурин соёл ноёрхож, орчин үеийн барилга байшинд суурьшиж эхэлснээр модон авдрын хэрэглээ буурч эхэлсэн байна. Харин өнөө үед нүүдэлчдийн энэхүү хэрэглээг бид дотооддоо хэрэглээд зогсохгүй гадаад зах зээлд ч гаргахуйц хэмжээнд өнгө дизайн, чанарын өндөр түвшинд хийгддэг болжээ.

Гар урлаач Г.Ганбаяр нь уламжлалт соёлыг, бүтээлч үйлдвэрлэлтэй хослуулж долоон хүний хамт авдар урладаг. Ингэхдээ илүү орчин үеийн барилга, байгууламжид тохирсон хийцээр урлаж зах зээлд нийлүүлдэг байна.

НИЙСЛЭЛД 43 МЯНГАН ЖДҮ ЭРХЛЭГЧ БАЙГААГААС 11 МЯНГА ГАРУЙ НЬ СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЭЛДЭГ

Өнгөрсөн 2021 оны байдлаар нийслэлд 43 мянга гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид днб-ий 18 хувь, экспортын 2,4 хувийг бүрдүүлсэн байна. Үүнээс 11 мянга гаруй аан нь соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд тэд бүтээлээ олон улсын зах зээлд гаргах сонирхолтой байдаг байна. Энэ нь дан ганц эдийн засгийн өгөөжтэй холбоотой асуудал бус, мөн монгол  өв соёлоо дэлхийд сурталчлан таниулах нэгэн хэлбэр юм. Гэвч гадаад зах зээлд бүтээлээ гаргахад нөөц бололцоо, эдийн засгийн чадавхи хүнд байгааг гар урлаачид ярьж байна.

Гар аргаар хийгдсэн, үнэ цэнтэй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг үндэсний агуулга, соёлын өвийн нөөцтэй уялдуулж хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллана гэдгийг салбар яамнаас мэдэгдсэн. Харин экспортыг хэрхэн нэмэгдүүлэх тал дээр төрөөс бодлогоор дэмжих зайлшгүй шаардлагатай байгааг гар урлаачид хэлж байгаа юм.