Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан 2020 оноос эхэлж засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд иргэдэд олгосон ипотекийн зээлийн эргэн төлөлтийг нийт таван удаа хойшлуулсан юм. Тэгвэл өчигдөр УИХ дахь монгол ардын намын бүлгийн хуралдаанаар ипотекийн зээлийн эргэн төлөлтийг ирэх оны 7-р сар хүртэл хойшлуулах саналыг гаргаад байгаа юм. Үүнтэй холбоотой тоон мэдээллийг хүргэе.
- Нийслэл дэх гэр хорооллыг бууруулах иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд 2008 оноос эхлэн ипотекийн зээлийг олгож эхэлсэн. Энэ хүрээнд нийт 6.6 их наяд төгрөгийн зээлийг 109.8 мянган өрхөд олгоод байна.
- Харин төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2022 оны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх хугацаанд одоогоор нийт 2 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээл олгох төлөвлөгөөтэй байгаагаас 1.5 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээлийг 19.4 мянган өрхөд олгожээ.
- Улмаар цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 2020 оноос эхлэн 5 удаа 3.4 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан байна.
- Ипотекийн зээлтэй иргэдийн 70 орчим хувь нь 60 м.кв байр талбайтай орон сууцыг худалдаж авсан байна. Эдгээр иргэд сард 200-600 мянган төгрөгийг ипотекийн зээлийн эргэн төлөлтөд зарцуулдаг юм байна.
11-р сарын 7-ны өдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэрийг ирэх оны 7-р сар хүртэл хэрэгжүүлэх саналыг гаргаад байгаа юм. Энэ долоо хоногт зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.
Ипотек нь иргэн А-ийн зээлийн эргэн төлөлтөөр иргэн Б-ийн зээлийг санхүүжүүлж дараа дараачийн зээл хүсэгчдэд ипотекийн зээл олгогддог. Тэгвэл зургаа дахь удаагаа зээлийн эргэн төлөлтийг хойшлуулбал ипотекийн зээл хүсэгч иргэн болоод барилгын салбарынханд сөрөг нөлөөллийг учруулах юм.
Нөгөө талаас ипотекийн зээлийн эргэн төлөлтийг олон удаагийн шийдвэрээр хойшлуулж байгаа нь улс төржсөн шинжтэй буюу сонгуулийн жилийг угтсан үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд ипотекийн зээлтэй 109 мянга орчим өрхийн эрх ашгийн төлөө дараа дараачийн зээл хүсэгчдийн боломжийг хязгаарлаж байгаа юм.
Зарим иргэдийн зүгээс ипотекийн зээлийн эргэн төлөлтийг цаг хугацаанд нь төлж явах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулж, агаарын бохирдлоо бууруулах боломж нь ипотекийн зээл. Гэвч эрх баригчид энэ удаад дахин зээлийн эргэн төлөлтийг хойшлуулбал зээл авах хүсэлтэй олон мянган өрхийн боломжийг хязгаарласан шийдвэр болох эрсдэлтэй байна.