Боловсролын салбар авлига ихтэй 10 салбарын нэгээр тодорчээ

Төрийн байгууллагуудын шударга байдлын үнэлэх үнэлгээгээр авлига ихтэй 10 салбараас боловсролын салбар долоодугаарт эрэмбэлэгджээ. Авлигатай тэмцэх газарт боловсролын байгууллагатай холбоотой өргөдөл, гомдол өмнөх онд 154 бүртгэгдсэн бол энэ онд 184 тохиолдол бүртгэгджээ. Эдгээр зөрчлийн  дийлэнхийг хууль бус томилгоо, ёс зүйн хандлага, ашиг сонирхлын зөрчил зэрэг үйлдлүүд эзэлсэн байна.

Авлигатай тэмцэх газарт ирсэн 300 орчим өргөдөл гомдлын 9.7 хувийг Боловсролын байгууллагат чиглэсэн өргөдөл эзэлсэн байна. Энэ нь дундаж хэмжээнээс арав дахин өндөр үзүүлэлт юм манай улсад авлигыг хянах механизм сул учраас авлигын хэрэг буурахгүй байна. Тухайлбал хөдөө орон нутагт ажилд орохын тулд удирдах албан тушаалтанд өвлийн идэш өгсөн  тохиолдол ч гарчээ.

Боловсролын ерөнхий газраас гаргасан тушаалаар 5 чиглэлээр 20 орчим ёс зүйн дүрмийг гаргасан байдаг. Тухайн дүрэмд багш, боловсролын байгууллагын ажилтан бэлэг сэлтийг энгийн зүйл гэх ойлголтыг халах хэрэгтэй гэж заасан байдаг. Гэвч энэхүү заалт бодит байдал дээрээ хэрэгждэггүй юм байна.

Хэрэв боловсролын байгууллагын ажилтан, албан хаагчид 300 мянган төгрөгөөс дээш үнийн дүнтэй бэлэг сэлт авбал авлигын шинж чанартай үйлдэл гэж үздэг. Харин тухайн ажилтан авлига авсан тохиолдолд Эрүүгийн болон ёс зүйн хариуцлага хүлээлгэдэг юм байна.

Энэ хичээлийн жилийг боловсролын ажилтны ёс зүйн жил болгон зарласан. Энэ хүрээнд багш ажилчид өөрсдөө аливаа хэрэг зөрчлийг мэдээлснээр авлигын хэргийг бууруулахад нөлөөлөх юм. Мөн манай улсад авлигыг хянах механизм сул учраас энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тиймээс цаашид энэ төрлийн гэмт хэргийг шийдэх хуулийг чангатгах шаардлагатай байгаа юм.