Түлэгдлийн эмнэлэг одоогоор 70 орчим өвчтөн хүлээн авах боломжтой

Түлэгдлийн эмнэлгийн барилгыг 10 гаруй жилийн хугацааны дараа ашиглалтад оруулсан байна. Тус эмнэлгийн барилга нийт хоёр блоктой одоогоор А блокыг ашиглалтад бүрэн оруулж эмнэлгийн үйл ажиллагаа эхэлсэн байна. Харин B блок нь ирэх оноос ашиглалтад орох бөгөөд түлэгдлийн дараах нөхөн сэргээх эмчилгээ, арьсны дотор өвчлөл зэргийг эмчлэх боломжтой болох юм.

Одоогоор түлэгдлийн эмнэлгийн А блокт нийт 70 ор дэлгэж, 60 орчим эмч, сувилагч ажиллаж байна. Тодруулбал, насанд хүрэгчдийн 30, хүүхдийн 30, эрчимт эмчилгээний 10 ортой, хоёр мэс заслын тасагтай үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Тэгвэл В блок ирэх оноос ашиглалтад орсноор нийт 240 гаруй хүн хүлээн авах чадалтай болох юм. Мөн шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулж, тасгийн тоо болон орны хүрэлцээг нэмснээр түлэгдлийн тусламж үзүүлээд зогсохгүй гэмтэл согогийн бүхий л тусламж үйлчилгээг авах юм байна.

Нийт түлэгдлийн тохиолдлын 75-80 хувийг бага насны хүүхэд эзэлж байгаа нь иргэдийн анхаарч үзэх асуудлын нэг болоод байгаа юм. Одоогоор тус төвийн А блокт хэвтэн эмчлүүлж байгаа 50 иргэний 30 нь хүүхэд байна.

ГССҮТ-ийн яаралтай тусламжаар жилд дунджаар 110,000 гаруй хүн үйлчлүүлснээс 20-25 хувь нь түлэгдлийн шалтгаан эзэлдэг байна. Энэ тоо жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байна.