Монгол улсад орчин цагийн номын сан үүсээд 100 жил болж байгаа ч өнөөг хүртэл үндэсний хэмжээний ном зүйн нэгдсэн систем байхгүй байна. Тэгвэл олон улсын номын сангийн холбооноос гаргасан цахим ном зүйн загвар болон бусад орнуудын судалгааны үр дүнд тулгуурлан цахим болон хэвлэмэл бүтээлийг улсын хэмжээнд нэгтгэн, мэдээллийн сан бий болгох зорилгоор мэргэжилтнүүд зөвлөлджээ.

Хэрэв та Япон улсад амьдардаг байсан бол өөрт хамгийн ойр номын санд орж хүссэн номоо улсын аль ч өнцгийн номын сангаас хүргүүлэн авах, цахимаар унших, тухайн номтой холбоотой бүх мэдээллийг нэг дороос авах боломжтой. Энэ бол зөвхөн Япон улс ч биш дэлхийн олон улсад хэрэгждэг ном зүйн цахим систем. Тэгвэл энэ системийг Монгол улсад хэрэгжүүлэх зорилготой “Цахим эрин дэх үндэсний ном зүйн цахим мэдээллийн сан” зөвлөгөөнийг “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд зохион байгууллаа. Зөвлөгөөнд төрийн захиргааны байгууллага, номын сан, хувийн хэвшлийн 100 гаруй төлөөлөл танхимаар, хот, орон нутгийн нийтийн номын сангаас 200 гаруй төлөөлөл цахимаар оролцсон байна. Тэд ном зүйн цахим нэгдсэн систем бий болгох, цаашлаад олон улсын номын сангийн холбооны ном зүйн газрын зурагт байрших томоохон зорилт дор зөвлөлдсөн байна.

Монгол улс 1930 оноос улсын бүртгэн мэдээллэх ном зүй гэх нэрээр цаасан хэлбэрээр ном зүйн бүртгэл хийж иржээ. Өнөөдрийн байдлаар манай улсад 1500 гаруй номын сан үйл ажиллагаа явуулж байгаагаас зөвхөн Монгол улсын үндэсний номын сан ном зүйн цахим бүртгэлийг явуулж байна. Тэгвэл улсын хэмжээний нэгдсэн цахим бүртгэлтэй болсноор оюуны өмчийн зөрчил, ижил агуулгатай номын тоо, баримт гэх мэт олон давуу талууд бий болох юм.

Ном зүйн цахим мэдээллийн сан бий болгоход зөвхөн номын сан бус төр, хувийн хэвшлийн байгууллагууд, зохиолчид, ном хэвлэх үйлдвэрүүдийн хамтын ажиллагаа чухал гэдгийг зөвлөгөөнөөр онцолж байлаа.