1921 оны ардын хувьсгалаас хойш Монгол улсад уран сайханчдын хөдөлгөөн өрнөж клуб, “Улаан гэр”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн” зэрэг шинэ үеийн соёлын байгууллагууд байгуулагдаж байсан. Харин 1931 оны 11-р сарын 12-ны өдөр уран сайханчдын хөдөлгөөнийг нэгтгэн зохион байгуулж Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх товчооны 50-р тогтоолоор “Улсын төв театр” байгуулагдаж С.Буяннэмэхийн "Үнэн" жүжгээр үүд хаалгаа нээсэн түүхтэй. Үүнээс хойш дэлхийн болон үндэсний зохиолчдын 500 гаруй сонгодог туурвилуудыг тайзнаа тогложээ. Улсын драмын эрдмийн театр “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд 92 дахь жилийн үзвэрийн жилийн нээлтээрээ Германы сонгодог зохиолч, Театрын онолч Бертольт Брехтийн "Сычуаны сайн хүн" жүжгийг тоглохоор бэлтгэлдээ оржээ.
Олон улсын шүүмжлэгчид уг жүжгийг Брехтийн “Туульсын театр”-ын шилдэг бүтээлүүдийн нэг гэж үздэг бөгөөд үзэгчдийг сорьдог бүтээл гэдгээрээ онцлог байна. Энэ ч утгаараа Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа шинэ уур амьсгал авчрах жүжиг гэж уран бүтээлчид үзэж байна.
Нийгэм хувьсахын хэрээр хүмүүс техник технологид илүү автаж, урлагийн үйл ажиллагааг ч дэлгэцээр үзэх боломжтой болсон. Харин театрын урлаг амьд харилцааны урлаг учраас үзэгчдэд илүү мэдрэмж өгч, соён гэгээрүүлэхээс илүүтэйгээр ёс суртахууны хөрөнгө оруулалт хийдэг байна.