БНХАУ-д хэрэгжиж буй хорио цээрийн дэглэмийн улмаас Iphone компанийн шинэ бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдана

БНХАУ-ын Жэнжөү хотод “Ковид-19”-ийн халдварын улмаас хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан “Apple” компани “Iphone 14” гар утасны үйлдвэрлэлээ түр хугацаагаар бууруулсан талаараа мэдэгдсэн байна. Сүүлийн 3 хоногт Хятад улсад бүртгэгдсэн Ковид-19”-ийн халдварын шинэ тохиолдлын тоо цар тахал дэгдэж эхлэх үеийн үзүүлэлттэй ижил түвшинд хүрээд байгааг тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн байна.

Аpple компанийн үйлдвэрлэж байгаа ухаалаг төхөөрөмжүүдийн угсралтыг хариуцдаг Хятадын “Foxconn” компани үйлдвэрлэлийн хүчин чадлаа үлэмж  хэмжээгээр бууруулсан нь бүтээгдэхүүний гарцад нөлөөлж байгаа төдийгүй уг шалтгааны улмаас хэрэглэгчдийн захиалгаа хүлээн авах хугацаа хойшлох төлөвтэй байгааг Apple-ийн удирдлагууд мэдэгдсэн байна.

“Apple” хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахад хүндрэл үүсэж, энэ оны дөрөвдүгээр улиралд цөөн тооны “Iphone” гар утас худалдаалж магадгүй болохыг энэ мэдэгдэлд өгүүлжээ. Өнгөрсөн сард тус компани сүүлийн улиралд өсөлт саарч магадгүйг анхааруулж  байжээ.

Өнгөрсөн долоо хоногт Хятадын эрх баригчид “Iphone” гар утасны дийлэнхийг үйлдвэрлэдэг Жэнжөү хотод хөл хорио тогтоосон байна. Энэ нь угсрах үйлдвэрийн ажилтнуудыг үйлдвэрээс зугтан явахад хүргэсэн гэж “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Тус улсад “Ковид-19”-ийн халдварыг тэглэх бодлогыг үргэлжлүүлэн баримталж байгаатай холбоотойгоор Жэнжөү дэх Iphone” гар утасны угсрах үйлдвэр зэрэг байгууламжууд  ажилтнуудаа “Хаалттай бүс”-д ажиллуулах шаардлага тавьж байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ.

Одоогоор “Apple” компанийн цахим хуудаснаас захиалсан “Iphone 14 pro” 31 хоногийн дараа хэрэглэгчдэд хүрч байгаа нь “Iphone” загварын хямд үнэтэй гар утаснуудаас дунджаар 2 хоногоор илүү байна гэж “Jpmorgan” компанийн шинжээчид мэдээлсэн байна. Цаашид Хятад дахь хөл хорионы дэглэм үргэлжлэн хэрэгжсээр байвал нийлүүлэлтийн саатал илүү урт хугацаатайгаар өргөн хүрээг хамарна гэж шинжээчид үзэж байна.