Төрийн байгууллагуудын шударга байдлын үнэлэх үнэлгээгээр авлига ихтэй 10 салбараас боловсролын салбар долоодугаарт эрэмбэлэгдсэн байна. Авилгатай тэмцэх газарт боловсролын байгууллагатай холбоотой өргөдөл,гомдол өмнөх онд 154 бүртгэгдсэн бол энэ онд 184 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр зөрчлийн дийлэнхийг хууль бус томилгоо, ёс зүйн хандлага, ашиг сонирхлын зөрчил зэрэг үйлдлүүд эзэлсэн байна.
Авлигатай тэмцэх газарт ирсэн 300 орчим өргөдөл гомдлын 9.7 хувийг боловсролын байгууллагат чиглэсэн өргөдөл эзэлсэн байна. Энэ нь дундаж хэмжээнээс 10 дахин өндөр үзүүлэлт юм. Манай улсад авилгийг хянах механизм сул учраас авилгийн хэрэг буурахгүй байна. Тухайлбал хөдөө орон нутагт ажилд орохын тулд удирдах албан тушаалтанд өвлийн идэш өгсөн тохиолдол ч гарсан байна.
Боловсролын Ерөнхий газраас гаргасан тушаалаар 5 чиглэлээр 20 орчим ёс зүйн дүрмийг гаргасан байдаг. Тухайн дүрэмд багш, боловсролын байгууллагын ажилтан бэлэг сэлтийг энгийн зүйл гэх ойлголтыг халах хэрэгтэй гэж заасан байдаг. Гэвч энэхүү заалт бодит байдал дээрээ хэрэгждэггүй.
Хэрэв боловсролын байгууллагын ажилтан,албан хаагчид 300 мянган төгрөгөөс дээш үнийн дүнтэй бэлэг сэлт авбал авилгийн шинж чанартай үйлдэл гэж үздэг. Харин тухайн ажилтан авлига авсан тохиолдолд эрүүгийн болон ёс зүйн хариуцлага хүлээлгэдэг байна.
Энэ хичээлийн жилийг боловсролын ажилтны ёс зүйн жил болгон зарласан. Энэ хүрээнд багш ажилчид өөрсдөө аливаа хэрэг зөрчлийг мэдээлснээр авилгийн хэргийг бууруулахад нөлөөлөх юм . Мөн манай улсад авилгийг хянах механизм сул учраас энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тиймээс цаашид энэ төрлийн гэмт хэргийг шийдэх хуулийг чангатгах шаардлагатай байна.