Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын зэвсэгт хүчний эзэлж, хяналтдаа оруулсан цорын ганц бүс нутаг болох Херсон мужаас Кремлийн эрх баригчид цэргээ татах шийдвэрийг лхагва гарагт гаргажээ. Украины сөрөг давшилт амжилттай үргэлжилж, ирэх оны 3-р сар гэхэд газар нутгаа Оросын цэргүүдээс бүрэн чөлөөлнө гэж ажиглагчид үзэж байна.
ОХУ-ын армийн генерал, командлагч Сергей Суровикин “бид нөхцөл байдлыг дүгнэж, цэргээ татах шийдвэр гаргалаа. Энэ нь амаргүй шийдвэр байсан ч цэргүүдийн амь нас, эрүүл мэнд, Орос улсын Зэвсэгт хүчний ерөнхий хүчийг хадгалахыг зорьж байна. Одоо манай улсын цэргүүд Днепр мөрний зүүн эргийн дагуу хориглон хамгаалах байрлалд шилжихээс өөр сонголт үлдсэнгүй” хэмээн мэдэгджээ. Түүнчлэн Суровикин Херсон мужид цэргийн хангамж, хоол хүнс, бууны сум хүргэхэд тээвэр логистикийн хүндрэл учраад байгааг Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд мэдэгдсэн байна.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хариуд нь “би таны санал, үнэлэлт дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Орос цэргийн амь нас хамгийн чухал гэдгийг ойлгож байна. Түүнчлэн энгийн иргэдийн амь насанд аюул занал учруулалгүйгээр зэвсэгт хүчнээ татан авах шийдвэрийг Кремлийн тэргүүн В.Путинд хүргүүлнэ” хэмээжээ.
Өрнөдийн улсуудын илгээсэн зэр зэвсгээр хуягласан Украины армийн сөрөг давшилт өнгөрсөн 8-р сараас хойш амжилттай үргэлжилсээр Орос улсын хяналтад ороод байсан Херсон мужийг чөлөөлж чадсан байна. Украины армийн давшилт энэ хурдаар амжилттай үргэлжилбэл ирэх оны 3-р сар гэхэд газар нутгаа Оросын зэвсэгт хүчнээс бүрэн чөлөөлөх магадлалтай гэж ажиглагчид үзэж байна. Мөн ОХУ-ын эрх баригчид цэргүүдээ Украинаас татан авсны дараа тактикийн цөмийн зэвсэг ашиглаж магадгүй хэмээх болгоомжлолыг төрүүлж байгааг ажиглагчид мөн онцолж байна.