Европ тивд цаг уурын мэдээллийг бүртгэж эхэлснээс хойших хамгийн дулаан 10-р сар тохиожээ

Европ тивд цаг уурын мэдээллийг бүртгэж эхэлснээс хойших хамгийн дулаан 10-р сар бүртгэгдсэн талаар Кперникийн нэрэмжит уур амьсгалын өөрчлөлт судлалын газраас мэдээлжээ. Өнгөрсөн 10-р сард Европт агаарын температур 1991-2020 оны дунджаас цельсийн 2 орчим хэмээр дулаан байжээ.

Коперникийн нэрэмжит дэлхийн уур амьсгал судлалын газраас өнгөрсөн 10-р сард зөвхөн Европт бус мөн АНУ-ын өмнөд хэсэгт болон Канад, Персийн булангийн улс орнуудад агаарын температур хэвийн 10-р сарын үеэс дулаахан байжээ. Тэгвэл Франц, Австри, Испани зэрэг улсуудад өнгөрсөн сард агаарын температур зарим өдрүүдэд цельсийн 30 хэмийг давсан бол шөнөдөө 20 орчим хэмийг заасан байна.

Харин Австрали, Мексик, Өмнөд Америк тивийн бүс нутгийн улс орнууд, Африкийн хойд хэсэг, Ази тивийн дийлэнх улсууд, Оросын алс Дорнодод агаарын температур дунджаас хүйтэн байсан гэж тус газраас мэдээлжээ. “Уур амьсгалын өөрчлөлтийн ноцтой үр дагавар өдгөө маш тодоор харагдах болжээ. Иймд НҮБ-ын уур амьсгалын асуудлаар 27-р бага хурлаар Парисын гэрээгээр тохиролцсон дэлхийн температурын өсөлтийг цельсийн 1.5 хэмд тогтоон барих зорилтод хүрэхийн тулд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна” гэж Коперникийн нэрэмжит уур амьсгалын өөрчлөлт судлалын газрын дэд дарга мэдэгдсэн байна.

Дэлхийн удирдагчид НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх бага хуралд оролцохоор Египетийн Шарм-Эль-Шейх хотноо цуглаад байна. Энэ үеэр дээрх тайланг танилцуулсан байна. Улс орнууд Парисын гэрээнд тогтоосноор дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх түвшнээс цельсийн 1.5 хэмд тогтоон барихын тулд хорт хийн ялгарлыг бууруулах, малтмал түлшнээс татгалзах сорилттой тулгарч байгаа юм. Манай гариг 19-р зууны сүүлчээс хойш хэдийнээ цельсийн 1.1 хэмээр дулаараад байгаа бөгөөд энэхүү өсөлтийн тэн хагас орчим нь сүүлийн 30 жилийн хугацаанд бүртгэгджээ.