Дэлхийн улс орнуудын инфляц өндөр түвшинд байгаагаас шалтгаалж алтны үнэ тогтвортой байна

Улс орнууд дор хаяж гурван сарын импортын хэрэгцээгээ хангах эсвэл нэг жил дотор хүлээгдэж буй гадаад өр төлбөрөө хаах хэмжээний валютын нөөцтэй байх “Алтан дүрэм” баримталдаг байна. Манай улсын хувьд валютын нөөцийг бүрдүүлэгч хоёрдогч том эх үүсвэрийг алт гэж үздэг. Дэлхийн зах зээлд алтны үнэ буурахгүй байгаа ч манай улсын хувьд дизелийн үнээс шалтгаалж алтны олборлолт саатаж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Дэлхийн улс орнуудын инфляц өндөр түвшинд, ОХУ Украинтай холбоотой геополитикийн эрсдэл өндөр байгаагаас үүдэж алтны үнэ буухгүй байна. Манай улсад өнөөдрийн байдлаар алт худалдан авах үнэ 196,629 төгрөгтэй байна.

Алтны экспорт манай улсын экспортын 10-15 хувийг эзэлдэг. Нүүрс болон зэсийг бодвол алт нь овор хэмжээ бага тул тээврийн зардал бага гардаг. Гэвч олборлолтын явц дизелиэс ихээхэн хамааралтай байдаг.

Гэвч 2023 оноос олон улсын нөхцөл байдал тогтворжсоноор алтны эрэлт, үнэ буурах хүлээлт үүсэн байна. Мөн дизелийн үнэ нэмэгдэж байгаатай холбоотой манай улсад ирэх онд алтны олборлолт зогсох төлөв байдал ажиглагдаж байна гэж  салбарынхан үзэж байна.