Г.Тэмүүлэн: Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах эсэх шийдвэр гараагүй

“Ковид-19” цар тахлын тухай хуулийн хүрээнд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг энэ оныг дуустал хойшлуулаад байгаа. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн энэ сарын 7-ны өдрийн хуралдааны үеэр ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах санал гаргасан юм. Энэ асуудал дээр олон талын байр суурьтай байгаа бөгөөд одоогийн байдлаар зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гараагүй байна.

Уих дахь Ардын Намын бүлгийн дарга өнгөрсөн даваа гарагт ипотекийн зээлийн эргэн төлөлтийг ирэх оны долоодугаар сар хүртэл хойшлуулах саналыг гаргасан. Тэрээр мэдэгдэлдээ энэ долоо хоногт багтан хойшлуулах эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ гэж мэдэгдсэн юм. Тэгвэл өчигдөр Улсын Их Хурлын чуулганаар ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах эсэхэд гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн ихэнх нь ипотекийн зээлийг хойшлуулахыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж байсан юм.

Ипотекийн зээл авсан иргэдийн 50 орчим хувь нь цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан зээлээ эргэн төлөөгүй байна. Ипотекийн зээл нь төсвийн шинжтэй хөтөлбөр тул цар тахлын хуулийн хүчинтэй хугацаа дуусмагц засгийн газарт шилжүүлэхэд Төвбанкны зүгээс бэлэн гэдгээ илэрхийллээ.

Харин ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулбал шинээр зээл хүссэн иргэд хөтөлбөрт хамрагдах боломж илүү хомс болох юм. Одоогийн байдлаар шинээр зээл хүссэн иргэдийн ердөө 20 хувь нь зээлээ авч чадаж байгаа юм.