Канад улсын Парламентын сонгуульд БНХАУ-ын эрх баригчид хөндлөнгөөс оролцохыг завдсан гэж мэдэгджээ

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Хятад улсыг тус улсын Парламентын сонгуульд хөндлөнгөөс оролцохыг завдсан гэж буруутгасан байна. Мөн Канадын тагнуулын алба 2019 оны сонгуулиар Бээжингийн дэмжлэгээр сонгуульд нэр дэвшсэн хүмүүсийн далд сүлжээг илрүүлсэн талаараа хэвлэлийн байгууллагад мэдээлсэн байна.

Тухайлбал, 2019 оны холбооны сонгуульд нэр дэвшсэн 10 гаруй хүнд БНХАУ-ын эрх баригчид санхүүгийн дэмжлэг үзүүлсэн төдийгүй Хятадын иргэд тус нэр дэвшигчдийн сурталчилгааны зөвлөхөөр ажилласныг баримтаар баталгаажуулсан байна.

БНХАУ-ын консулын газраас явуулсан гэх энэхүү ажиллагаа нь Канад улсын улс төрийн бодлогод нөлөөлөхийн тулд үйлдсэн ноцтой гэмт хэрэг гэдгийг Жастин Трюдо цохон тэмдэглэжээ. Мөн улс төрийн хүрээнийхэнд нөлөөлөл үзүүлэхийн тулд Канадын ахмад улс төрийн зүтгэлтнүүдэд авлига өгөхийг оролдсон тохиолдол ч гарсан гэж үзсэн байна.

Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан “Хятад улсын эрх баригчид канадын сонгуульд хөндлөнгөөс оролцоогүй бөгөөд хоёр улсын гадаад харилцааг зөвхөн харилцан хүндэтгэх, эрх тэгш, харилцан ашигтай байх үндсэн дээр явуулж байгааг” хэмээн мэдэгджээ.

Өнгөрсөн сард Канад улсын Засгийн газар Хятад улсыг тус улсад хууль бус цагдаагийн үйл ажиллагаа явуулж байгаа гэж буруутгасан байна. Тэгвэл уг гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагааг мөрдөн шалгах явц үргэлжилж байгааг Торонто хотын цагдаагийн газраас өнгөрсөн пүрэв гарагт мэдэгджээ.