Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Египет улсад үргэлжилж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ АНУ-ын эрчим хүчний компаниудын удирдлагуудтай хэлэлцээр байгуулсан байна. Үргэлжилсээр байгаа эрчим хүчний хямралаас гарахын тулд АНУ-аас шингэрүүлсэн байгалийн хий импортлохоор хийж байгаа Их Британийн Ерөнхий сайдын хэлэлцээр эцэслэгдэх дөхөж байгаа талаар мөн “Daily mail” агентлаг уламжилжээ.
Албаны эх сурвалжууд АНУ Их Британид 10 тэрбум шоо метр байгалийн шингэрүүлсэн хий нийлүүлэхээр тохиролцсон гэж мэдээлж байна. Их Британи улс ОХУ-аас байгалийн шингэрүүлсэн хий импортлохоо ирэх оны 1-р сарын 1-ээс зогсооно гэж тус улсын Гадаад хэрэг, Олон улсын Хөгжлийн яам 10-р сарын 28-нд мэдэгдсэн юм.
Их британийн хэсэг албан тушаалтнууд өвлийн эрчим хүчний хямралаас өмнө буюу өнгөрсөн 8-р сард тус улсад 20 жилийн хугацааны гэрээгээр, өндөр үнээр байгалийн хий нийлүүлэх хамтрагчдыг хайж байна гэж “Блүүмберг” агентлаг мэдээлж байжээ.
АНУ-ын эрх баригчид энэ оны эхээр Украины дайны улмаас үүссэн эрчим хүчний хямралыг даван туулах ажлын хүрээнд Европын холбоонд 15 тэрбум шоо метр хий нийлүүлэхээр тохиролцсон юм. Тэгвэл талууд одоогоор байгалийн хий худалдах, худалдан авах жишиг үнийг тогтоохоор хэлэлцэж байгаа төдийгүй ирэх долоо хоногт гэрээг эцэслэх төлөвтэй байна.
ОХУ Украинд халдан довтолсонтой холбогдуулан байгалийн хийн бүтээгдэхүүний зах зээлд АНУ-ын эрчим хүчний компаниуд гол тоглогч болж байгааг шинжээчид онцолж байна.