Туркийн Истанбул хотод дэлбэрэлт болсны улмаас 6 хүн амиа алдаж, 80 орчим хүн шархаджээ

11-р сарын 13 буюу ням гарагт Турк улсын нийслэл Истанбул хотын төв гудамжинд хүчтэй дэлбэрэлт болсны улмаас зургаан хүн амь үрэгдэж, 80 орчим хүн шархаджээ. Истанбул хотын цагдаагийн алба хаагчид ням гарагт Истанбул хотын төв гудамжинд тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй этгээдийг баривчилсан гэж тус улсын Дотоод хэргийн сайд мэдэгдсэн байна.

Дотоод хэргийн сайд уг террорист халдлагын ул мөр Сири рүү хөтөлж байгааг нотлох баримт олдсон бөгөөд Туркийн эрх баригчдын террорист байгууллага гэж тодорхойлдог бүлэглэлүүд үүнд оролцсон байж болзошгүй гэдгийг онцолжээ. Тэрээр, одоогоор халдлагыг үйлдэхэд оролцсон байж болзошгүй 20 гаруй хүнийг баривчилсан гэж мэдэгдсэн байна.

“Бидний тооцоолсноор, халдлага үйлдэх тушаал Кобанигаас ирсэн бол халдлагыг үйлдэгч нь Афринаас ирсэн. Дэлбэрэлтийн ард эдгээр байгууллага байгааг бидний дүгнэлт харуулж байна" гэж сайд нэмж хэлсэн байна. Кобани болон Африн нь Курдийн Ажилчны нам, Сири дэх Курдүүдийн өөрийгөө хамгаалах ардын хүчин үйл ажиллагаагаа явуулдаг, Сирийн хойд хэсэгт оршдог хотууд юм.

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган уг хэрэгт террористуудын ул мөр байгаа гэж өмнө нь мэдэгдсэн бол тус улсын Дэд Ерөнхийлөгч Фуат Октай тэсрэх бөмбөгийг эмэгтэй хүн тавьсан гэж мэдэгджээ.

2015-2017 оны хооронд Турк улсад дараалсан дэлбэрэлтүүд болсны улмаас нийтдээ 500 гаруй жирийн иргэн, хууль сахиулах алба хаагчид амиа алдаж байжээ.