АСЕАН буюу Зүүн Өмнөд Азийн улс орнуудын холбооны гишүүн орнууд болон Япон, АНУ, БНХАУ тэргүүтэй орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Камбожийн нийслэл Пномпень хотод энэ сарын 11-14-ний өдрүүдэд болжээ. Энэ удаагийн уулзалтад Японы Ерөнхий Сайд Кишида Фүмио, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчян, Канад улсын ерөнхий сайд Жастин Трюдо, БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёль, Оху-Ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.
Уулзалтын эхний өдөр АСЕАН-ы удирдагчид өнгөрсөн оны 2-р сард цэргийн эргэлт гарснаас хойш цэргийн хүчнийхэн ардчиллыг дэмжигч идэвхтнүүдийн эсрэг хүч хэрэглэж байгаа Мьянмар улсын өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна. Тэд өнгөрсөн оны 4-р сард АСЕАН болон Мьянмарын цэргийнхэн тус улсад энх тайвныг цогцлоохын тулд тохиролцсон таван заалт бүхий зөвшилцлийн дагуу хүлээсэн үүрэг амлалтаа нотолжээ. Үүнд, хүч хэрэглэхийг нэн даруй зогсоохыг уриалсан юм. Гэвч удирдагчид тус баримт бичгийн хэрэгжилтэд тун бага ахиц дэвшил гарсныг онцлоод, Мьянмарын цэргийнхэнд үүрэг амлалтаа чанд биелүүлэхийг уриалжээ.
Мөн тодорхой, бодитой арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулахаар шийдвэрлэсэн байна. Харин Мьянмарын Армийн хэвлэлийн төлөөлөгч гаргасан мэдэгдэлдээ улсынх нь төлөөллийг оролцуулахгүйгээр ийм шийдвэр гаргасныг эрс шүүмжилжээ. Цагаан ордны мэдээлснээр, Жо Байден мөн Пномпень хотноо ням гарагт болсон Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын үеэр Мьямнарт "нөхцөл байдал улам дордож байгаад санаа зовниж байгаагаа" илэрхийлсэн байна. Мөн ерөнхийлөгч таван заалт бүхий зөвшилцлийг хэрэгжүүлэхийн тулд Мьянмарын цэргийнхэнд үзүүлэх шахалтыг нэмэгдүүлэх тал дээр арга хэмжээ авах хэрэгтэйг цохон тэмдэглэжээ.
Цар тахлын улмаас сүүлийн 2 жилийн АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт цахим хэлбэрээр явагдсан бол энэ удаагийн уулзалтад төлөөлөгчид биечлэн оролцсон нь шинжээчдийн анхаарлыг татсан юм.
Түүнчлэн Украины дайн эхэлснээс хойш АСЕАН-ы гишүүн орнуудын байр суурь хуваагдмал буюу Сингапур тэргүүтэй улсууд ОХУ-ын түрэмгийллийг буруутгаж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Вьетнам, Мьянмар зэрэг улсын эрх баригчид Украины дайныг бүс нутгийн хурцадмал байдал гэж нэрийдэн байр сууриа илэрхийлэхээс татгалзсан төдийгүй ОХУ-ын түрэмгийллийг буруушаасан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолд түдгэлзсэн санал өгсөн байна. Товчхондоо Украины дайны улмаас Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн улсууд хуваагдмал байр суурь илэрхийлж байна. Цаашид Украины дайны үр дүнгээс хамаарч дэлхийн улсууд үзэл суртлын хувьд хоёр туйлд хуваагдах эрсдэл үүсээд байгааг шинжээчид онцолж байна.