Digital Product Conference чуулганд 500 гаруй залуус оролцлоо

Олон улсын түвшинд ажилладаг Монгол дизайнерууд болон дижитал бүтээгдэхүүн хөгжүүлэгчид өнөөдөр чууллаа.

Digital Product Conference чуулган гурав дахь жилдээ Соёлын бүтээлч сарын хүрээнд зохион байгуулагдаж байна. Өмнө жилүүдэд UXUI дизайнеруудын дунд зохион байгуулж байсан бол энэ онд цар хүрээгээ өргөжүүлж дижитал бүтээгдэхүүний салбарын оролцогч талуудыг хамруулснаараа онцлог болжээ. UXUI дизайнер, төслийн менежер, хөгжүүлэгч, дижитал бүтээгдэхүүний эзэмшигч 500 гаруй залуус салбараа хэрхэн хөгжүүлэх талаар чууллаа.

Тэд Монгол улсын дижитал бүтээгдэхүүний хөгжил сайн мэт харагдавч салбарын хүний нөөцийн боловсролын түвшин дунд байгаагаас гүйцэтгэлийн чанар удаашралтай, үргүй зардал ихтэй байгааг хэлж байсан юм. Тийм учраас мэдлэгийг тэлж, үр ашигтай чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг дотооддоо болон олон улсад гаргахын тулд салбараараа нэг ойлголттой болох зорилт тавьжээ.

Монгол улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын нэг болсон “Дижитал контент, тоглоом хөгжүүлэлт, дижитал бүтээгдэхүүн”-ний салбарын нийт орлого 2020 оны байдлаар 139,5 тэрбум төгрөг байжээ. Уг салбарт давхардсан тоогоор 2336 ААНБ-д 1039 хүн ажилладаг бөгөөд манай улсад 21 Их, Дээд сургуульд жилд дунджаар 300 оюутан суралцаж төгсдөг гэх статистик мэдээллийг БШУЯ гаргасан байна. Гэвч эдгээр төгсөгчдийн дийлэнх нь мэргэжлээрээ ажилладаггүй учир дижитал бүтээгдэхүүний салбар хүний нөөцийн дутагдалтай байна.

Гэсэн ч хэрэгжүүлж болох шийдлүүдийг оновчтой тодорхойлж байгаа гэлээ. Мөн дижитал бүтээгдэхүүний мэдээлэл технологийн салбар дахь хүний нөөцийг бэлдэх зорилгоор 10 эмэгтэйд нийт 35.000.000 төгрөгийн тэтгэлэг олгожээ.

Дижитал бүтээгдэхүүний салбар Монгол улсад шинэлэг учир зах зээл өргөн байгааг чуулган оролцогчид онцолж байсан юм.