“Хаан найрал” чуулга Монгол хаадын ордонд тоглогдож байсан бүтээлийг 3000 жилийн өмнөх хөгжмийн зэмсгээр тоглоно

Их Эзэн Чингис Хааны удмын сүүлчийн Эзэн Хаан Лигдэн Хутагт Хааны ордонд тоглогдож байсан аялгууг өнөө цагт тоглох боломжтой болжээ. Чингис Хаан музейн дэргэд байгуулагдсан Хаан Найрал чуулга 400 жилийн өмнө Монголын Хаад язгууртны ордонд тоглогдож байсан бүтээлийг 3000 жилийн өмнөх эртний Монгол хөгжмийн зэмсгээр тоглож эхэлжээ. 

Эртний Монгол хаадын ордонд эгшиглэж байсан хөгжмийн бүтээлийн алтан үсгээр тэмдэглэгдсэн ноот БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Хааны музейд хадгалагддаг байна. Уг музейгээс Лигдэн Хааны ордны найрал хөгжмийн алтан үсгээр тэмдэглэгдсэн ноотыг ӨМӨЗО-ны хөгжим судлаач н.Мэндбаяр орчин үеийн таван утастай ноотод хөрвүүлсэн байна. Үүнийг яг тухайн үеийн хөгжмийн найруулгаар нь “Хаан найрал” чуулга тоглож байна.

Хаан найрал чуулгад СУИС, Монгол улсын Консерваторт суралцаж байгаа 20 оюутан хөгжимчнөөр ажиллаж байна. Харин хөгжмийн хувьд эртний Монголчуудын хэрэглэж байсан хөгжмийн зэмсэгийн олдвороос илэрсэн 20 орчмыг нь сэргээн засварлажээ. Эдгээрээс Их, Бага хэнгэрэг, Хатан улаан бүрээ гэх хөгжмийн зэмсгүүд Монгол төрийн бэлгэдэлд багтдаг байна.  

Хаан найрал чуулга нь Монголын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн томоохон төлөөлөл юм. Тийм ч учраас Монголын Их Хаадын ордны найрал хөгжмийн түүхийг сэргээн тодруулж, гадаад дотоодын жуулчдад таниулах цаашлаад дэлхийд сурталчлах зорилт тавьжээ. 

Хаан найрал чуулгын хөгжимчид тоглож байгаа хөгжмийн зэмсэгтэйгээ уялдуулан яг тухайн үеийнх нь олдворын хувцасыг сэргээн өмсөж байна. Мөн бүтээл тоглохдоо газар суун эртний Хааны ордонд тоглогдож байсан уур амьсгалыг бүрдүүлэхийг зорьжээ.