“Мөнх тэнгэрийн бичиг-2022” уралдааны 333 бүтээлээс Б.Ичиннорвоо сурагчийн бүтээл насны ангилалдаа дэд байранд шалгарчээ

Их Эзэн Чингис Хаан мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөр, Соёлын бүтээлч сарын хүрээнд “Мөнх тэнгэрийн бичиг-2022” Монгол уран бичлэгийн олон улсын уралдаан зохион байгуулагдлаа. Энэ уралдаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р сургуулийн сурагч Б.Ичиннорвоо анх удаа оролцож “Монголын их амар амгалан” бүтээлээрээ дэд байранд шалгарчээ.

Б.Ичиннорвоо 12-р ангид суралцдаг. Монгол бичгийг анх 6-р ангиасаа үзэж, Монгол бийрэн бичлэгээр бичиж эхэлжээ. Харин энэ оны наймдугаар сараас хулсан үзгээр хичээллэж эхэлсэн байна. Тэрбээр “Мөнх тэнгэрийн бичиг-2022” Монгол уран бичлэгийн олон улсын уралдаанд анх удаа оролцож “Монголын их амар амгалан” бүтээлээрээ дотоод, гадаадын 333 бүтээлээс 11-12-р ангийн сурагчдийн ангилалд дэд байранд шалгарсан байна. Түүний бүтээл үзэсгэлэнгийн хамгийн урт бичээс болсон нь онцлог байна.

Хулсан үзэг нь Монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн уламжлалт бичгийн хэрэгсэл. Энэ үзгээр бичих нь тухайн хүнээс ихээхэн тэвчээр шаарддаг байна.

Б.Ичиннорвоо: Монгол бичгийг түгээхийн тулд Монгол хэл шинжлэлийн мэргэжил эзэмшинэ

Монгол уран бичлэг нь эртний уламжлалт соёл, улс үндэстний ондоошил, түүхийн томоохон урлаг юм. Б.Ичиннорвоо охин Монгол бичиг, Монгол бичлэгийн урлагийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулахаар ирээдүйн мэргэжлээ тодорхойлжээ.

Соёлын бүтээлч сарын хүрээнд өрнөсөн “Мөнх тэнгэрийн бичиг-2022” олон улсын уралдааны шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн энэ сарыг дуустал Чингис хаан музейд дэлгэгдэж байна.