Монголд анх удаа виртуал музей нээгдлээ

Манай улсад анх удаа виртуал музей нээгдлээ. Виртуал үзэсгэлэнд Монголын үндэсний музейн ХХ-р зууны түүхийн цуглуулгыг бодит мэт бүтээж, олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлж эхэлжээ.

Энэ бол “Бидний бахархал Монгол улс (1921-2021)” сэдэвт 16 үзмэртэй виртуал үзэсгэлэн. Үзэгч та дэлхийн хаанаас ч Гүюг метаверс платформ руу нэвтэрч виртуал орчинд өөрийгөө илэрхийлэх тусгай аватарыг бүтээн музейгээр аялах боломжтой юм. 

Музейгээр аялагчийг илэрхийлэх аватарууд хоорондоо ярилцах, мэдрэмжээ тусгай эможигоор илэрхийлж болно. Мөн аватар нь бүжиглэх, бий биелэх, жалам хар бүжиглэх, гараар даллах, үсрэх зэрэг 5 хөдөлгөөнийг хийдэг байна. Энэ нь үзэгч яг л өөрийн биеэр музейд зочилж байгаа мэт мэдрэмжийг төрүүлэхээр болжээ.

Дэлхийн хаанаас ч виртуал музейг үзэх боломжтой

Дэлхийд метаверс хэмээх 3D виртуал ертөнцөд суурилсан нийгмийн харилцааны шинэ сүлжээ дэлгэрч байна. Монгол улсын Соёлын яам, Монголын үндэсний музей, Гүюг метаверс хамтран “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд зохион байгуулж буй виртуал үзэсгэлэнд Сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн сансрын бүхээгийн тусгай өмсгөл, Монгол улсын хилийн захын дөрвөн цэгт орших Соёмбот хөшөөний эх загвар, Алтан ургийн 37 Хааны хөрөг зэргийг бодит мэт дүрслэлтэйгээр Монгол, Англи, Худам монгол бичгийн тайлбартайгаар оруулжээ.

Виртуал музейг GUYUK.MN цахим хуудсаар үзэх боломжтой

Гүюг платформ нь зөвхөн музей бус виртуал ертөнцийг бий болгосон гэдгээрээ онцлог байна. Учир нь үзэгч зөвхөн музейн үзмэрүүд үзээд зогсохгүй хааны ордноор зочлох, Монголын нууц товчоонд гардаг түүхэн газруудаар ч аялах боломжтой юм байна.

Виртуал ертөнцөөр зочлохын тулд GUYUK.MN цахим хуудсанд хандан, Гүюг метаверс платформыг гар утас, таблет, суурин болон зөөврийн комьпютертоо татаж суулгах юм. Ингэснээр дэлхийн хаанаас ч виртуал музейг үнэ төлбөргүй үзэх боломжтой болжээ.