БНХАУ-д “Ковид-19”-ийн халдвартай тэмцэх засгийн газрын “Тэг ковид” бодлогыг иргэд эсэргүүцэх нь улам нэмэгдэж, эсэргүүцэл нь улам улс төрийн шинжтэй болж байна. Ням гарагт Шанхай хотын гудамжинд олон мянган хүн жагссан бол Бээжин, Нанжин хотын их сургуулиудын оюутнууд мөн “Тэг ковид” бодлогыг эсэргүүцэн жагсаал зохион байгуулжээ.
Хятадын томоохон хот бөгөөд дэлхийн санхүүгийн төвүүдийн нэг болох Шанхай хотод болсон жагсаалын үеэр иргэд "Ши Жиньпин яв!", "Коммунист намынхан яв!" хэмээн хашхиралдаж байжээ. Иргэд нь ийм уриа лоозон хашгирах нь Хятад улсын хувьд нэн ховор бөгөөд Засгийн газар болон төрийн тэргүүнийг шууд шүүмжлэх нь эмгэнэлтэйгээр төгсдөгийг тус улсын түүхээс харж болно. Шанхай хотод болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсон нэгэн жагсагч “Хүмүүс гудамжинд цуглахыг хараад ихэд цочирдож, сандарсан" хэмээгээд Хятадад ийм цар хүрээтэй эсэргүүцэл гарч байгаа анхны тохиолдол нь энэ болж байгааг онцолжээ. Хүний эрхийг зөрчсөн “Тэг ковид” бодлого нь иргэдийн тэвчээрийг туйлд нь хүргээд зогсохгүй уг шийдвэрээ эргэн харж, шуурхай цуцлахгүй бол улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнөж, улмаар үймээн самуунд хөтөлж болзошгүй байна гэж ажиглагчид үзэж байна.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын Өрөмч хотын нэгэн орон сууцанд тогтоосон хөл хорионы үеэр тухайн барилгад гал гарсны улмаас 10 гаруй оршин суугч амиа алдсан нь эсэргүүцлийн жагсаал өрнөх гол шалтгаан болжээ. Тухайн орон сууцанд хөл хорио тогтоож, цоожилсон байсан тул оршин суугчид нь гадагш гарах боломжгүй байжээ. Харин үүнийг тус хотын эрх баригчид няцаасантай холбоотойгоор иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрсэн байна. Олон сая хүн гурван жилийн туршид хөдөлгөөнөө хязгаарлуулж, өдөр бүр “Ковид-19”-ын шалгалтад орохоос залхаж эхэлснээ илэрхийлжээ. Энэхүү бухимдал Хятадын томоохон хотуудаас эхлээд Шинжаан, Төвөд зэрэг алслагдсан бүс нутгийг хамарч, их сургуулийн оюутнууд, үйлдвэрийн ажилчид, жирийн иргэд зэрэг нийгмийн бүхий л анги давхаргыг нэгтгэжээ.
Энэ бухимдал нэмэгдэхийн хэрээр “Ковид-19”-ын эсрэг арга хэмжээг эсэргүүцэх жагсаал улам бүр нэмэгдсээр байна. Гэхдээ энэ амралтын өдрүүдэд болсон жагсаал цуглаанд оролцсон иргэд Засгийн газар болон Ши Жиньпинийг ил тод шүүмжилсэн нь Хятадын хувьд ер бусын үзэгдэл юм. Зарим нь улсынхаа төрийн далбааг барин эсэргүүцлээ илэрхийлж, төрийн дууллаа дуулж, ард түмнийг “босохыг” уриалж байжээ.