Х.Нямбаатар: Аялал жуулчлалын салбараас олох орлогыг ДНБ-ий 30 хувьд хүргэх боломжтой

Манай улс анх 1998 онд Казиногийн тухай хуулийг баталж байсан. Гэвч уг хууль хэрэгжиж амжилгүйгээр хүчингүй болж байсан юм. Тэгвэл 24 жилийн дараа Казиногийн тухай хуулийг дахин УИХ-ын даргад өргөн барихаар болсон байна. 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар тус хуулийн төслийг хэлэлцэж дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэхийг дэмжсэн байна. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагалдуулан багц байдлаар морин бооцоот уралдаан, казино, төлбөрт тааварт тоглоомын тухай зэрэг 10 орчим  хууль багтаж байгаа юм.

Уг хуулийн төслөөр казиногоос олох орлогын 40 хувьд, бооцоот морин уралдаанд 20 хувь, төлбөрт таавар тоглоомын орлогын 70 хувь нь татвар ногдуулахаар болсон.

Манай улсын тухайд 2019 онд аялал жуулчлалын салбарын нийт орлого дотоодын нийт бүтээгдэхүүний 6 хувьд хүрсэн. Тэгвэл Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилснээр энэ салбараас олох орлогыг ДНБ-ны 30 хувьд хүргэх боломж бүрдэнэ гэж хууль санаачлагчдын зүгээс үзэж байгаа юм.