Манай улсад ХДХВ, ДОХ-ын халдвар буурах хандлага ажиглагдахгүй байна

Манай улсад 1992 оноос хойш ДОХ-ын халдварын тохиолдол  344 бүртгэгджээ. 2022 онд 38 тохиолдол шинээр бүртгэгдэх магадлалтай байсан ч өнөөдрийн байдлаар 17 тохиолдол шинээр илрүүлсэн байна.  Энэхүү өвчний тархалтыг авч үзвэл нийт хүн амын дунд бага гэж үзэж болох ч эрсдэлт бүлгийнхний дунд өндөр, голомтолсон, төвлөрсөн тархалттай байна

Тиймээс зорилтот бүлгийнхнийг шинжилгээнд хамруулж, тодорхойлсон арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Тус бүлэгт тээврийн жолоочид, биеэ үнэлэгчид, трансжендер эмэгтэйчүүд тэргүүлж байгаа юм. Эдгээр хүмүүст чиглэсэн үйлчилгээг төр, хувийн хэвшил хамтарч хүргэснээр цаашид үүсэх сөрөг үр нөлөө, эрсдэлийг бууруулах боломжтой.

Дэлхий нийтэд энэхүү өвчлөлийн тохиолдол буурч байгаа ч манай улсад буурах хандлага ажиглагдахгүй байгааг эмч мэргэжилтнүүд хэлсэн юм. Мөн цаашид бэлгийн замаар дамжих халдварт өвчин, дархлалын олдмол хомсдол өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний үндэсний хариу арга хэмжээний зарцуулалтын 60 орчим хувь нь Олон улсын байгууллагын санхүүжилтээс бүрдэж байгаа юм. Тус санхүүжилт багасах, зарим тохиолдолд бүр зогсох хэмжээнд хүрэх эрсдэл өндөр байна.

Жил бүр халдварын тархалтын барагцаалсан тооцооллыг холбогдох албаныхан хийдэг энэ жил тус статистикаас харахад 641 хүн халдвартай байх эрсдэлтэй гэсэн тоо гарчээ. Тиймээс бэлгийн замын халдварт өвчнөөр өвдөх эрсдэлтэй 15-40 насны бэлгийн идэвхтэй амьдралтай хүмүүс жилд нэг удаа тогтмол шинжилгээ өгөх нь зөв гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байсан юм.