Хүүхдийг тойргийн системээр сургууль, цэцэрлэгт хамруулах нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах нэг шийдэл болно

Өчигдөр замын хөдөлгөөний ачаалал бага байсан юм. Энэ нь бүх шатны сургууль, цэцэрлэг болон төрийн зарим шатны байгууллага цахимаар орж буйтай холбоотой. Үүнийг Нийслэлийн авто замын түгжрэлийн шалтгааны нэг хүчин зүйл нь хүүхэд сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч, авч байгаа авто машины ачааллаас шалтгаалж байна гэж иргэд дүгнэж байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 110.000 хүүхдийг эцэг эх нь сургууль, цэцэрлэгт нь зөөж, замын хөдөлгөөнд орж байгаа тул хүүхдүүдийг хамран сургах тойрог буюу гэрийнх нь ойр орчинд сургууль, цэцэрлэгт нь хамруулах шаардлагатай байгаа юм.  

2022-2023 оны хичээлийн жилд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын нийт 296 сургууль байна. Үүнээс тойргийн бус хүүхдийг сургуульдаа элсүүлсэн 30 гаруй сургууль байна. Одоогоор сургуульгүй хороо гэж байхгүй. Тиймээс сургууль бүрийн чанар болон орчны асуудлыг шийдвэрлэж, хүүхдийг тухайн харьяа хорооны сургуульд нь сургаснаар түгжрэлийг бууруулах нэг арга болно гэсэн юм.

Харин нийслэлд нийт 647 цэцэрлэг хичээллэж байна. Цэцэрлэгийн хувьд өмнө нь хүүхдийг элсүүлэхдээ хүртээмжгүй байдлаас үүдэж түүврийн аргаар цуглуулдаг байсан. Энэ жилээс эхлээд хувийн өмчийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг тооцон олгож хүүхдийг элсүүлж байгаа. Ийнхүү өмнө жилээс тойргийн бус цэцэрлэгт хүүхдээ элсүүлэх тоо багассан байна.

Хүүхдийг тойргийн системээр сургууль, цэцэрлэгт хамруулах нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах нэг шийдэл болно. Тиймээс цэцэрлэг, сургуулийн чанар, хүртээмж, орчны аюулгүй байдлыг хангаж ажиллах нь чухал байгаа юм.