Энэ сарын 15-ны байдлаар Япон улсын инфляцийн түвшин Төв банкны зорилтот 2 хувийг давж 3.6 хувьд хүрсэн нь сүүлийн 40 жилийн хамгийн дээд үзүүлэлт болсон төдийгүй сүүлийн долоон сарын хугацаанд тус улсын хэрэглээний үнийн индекс савлагаатай хэвээр байгааг харуулжээ. Харин Японы Төв банкны тэргүүн инфляцийн дарамтыг бууруулахын тулд мөнгөний бодлогын хүүгээ өсгөхгүй, бодлогын өөрчлөлт хийхгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Хурдан мууддаг хүнсний бүтээгдэхүүн болон шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэйгээр Японы инфляцийн түвшин түр хугацаанд хэлбэлзэж байгаа гэж шинжээчид үзэж байна. Японы үнийн өсөлтийг тусгасан гол үзүүлэлтэд шатахууны үнэ багтдаг боловч хурдан мууддаг бүтээгдэхүүнийг инфляцийн хэмжүүр болох гол үзүүлэлтэд багтаадаггүй. Учир нь ийм бүтээгдэхүүний үнэ хэт хүчтэй, хурдан хугацаанд хэлбэлздэг байна. Яг энэ индексээр Японы Төв банк инфляцийн зорилтот түвшнийг тогтоодог. Энэ сарын эхний хагасын байдлаар тус улсын инфляц эдгээр бараа бүтээгдэхүүний үнийг оруулсан тооцоогоор 3.6 хувьтай гарчээ. Дэлхийн хэмжээнд эрчим хүчний эх үүсвэр болон хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн, мөн иенийн ханш мэдэгдэхүйц суларсантай холбоотойгоор японд инфляц дээд үзүүлэлтэд хүрсэн байна. Үнийн өсөлтийн хэмжээ мөн хэрэглээний татварын хэмжээ өссөний улмаас инфляцийн хөөрөгдөл бүртгэгдэж байсан 2014 оны үеийн үзүүлэлтийг давжээ. Инфляцийн түвшин долоо дахь сардаа дараалан Японы Төв банкны зорилтот түвшнээс давсан бөгөөд тус банк 2 хувийн тогтвортой инфляцад хүрэхийн тулд мөнгөний хэт сул бодлого баримталж, зах зээлийг идэвхжүүлэх зорилгоор бодлогын хүүг хасах түвшинд байлгаж байгаа юм. Энэ нь иений ханш сулрах гол шалтгаануудын нэг болж байна. Үнийн хэт өсөлттэй тэмцэхийн тулд бодлогын хүүгээ өсгөдөг барууны орнуудтай харьцуулахад Япон улсад үйлдвэрлэлийн салбар өндөр түвшинд хөгжсөн учраас гаднын хөрөнгө оруулалт буюу америк долларын орлогын зөрүүнээс ханшийн тогтвортой байдлаа хангадаг байна. Харин Японы Төв банк цар тахал болон Украины дайны уршгаар Дэлхийн эрчим хүчний зах зээлд нүүрлэсэн хямрал, нийлүүлэлтийн сүлжээний саатлыг түр хугацааны асуудал гэж тодорхойлжээ. Тэгвэл Дэлхийн банкны шинжээчид ирэх онд Япон, Хятад, Вьетнам зэрэг Азийн үйлдвэрлэл хөгжсөн улсууд олон улсын эдийн засгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлнэ гэж таамаглаж байгаа юм.