Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ОХУ-ын зэвсэгт хүчин Украины иргэний дэд бүтэц буюу эрчим хүч, дулааны байгууламжуудад агаарын цохилт өгснөө пүрэв гарагт няцаажээ. Харин тэрээр Украины эрх баригчид ОХУ-ын талаас тавьж байгаа шаардлагыг биелүүлсэн тохиолдолд ард түмнээ зовлонгоос салгаж чадна гэдгийг цохон тэмдэглэжээ.
Сүүлийн хэдэн долоо хоногийн турш ОХУ-ын зэвсэгт хүчин Украины эрчим хүчний дэд бүтцэд агаарын цохилт өгсний улмаас олон сая хүн цахилгаан, дулаан, ундны усны хангамжаас таслагдаад байгаа талаар Киевийн эрх баригчид мэдэгдээд байгаа юм. Агаарын хэм буурч, хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан нөхцөл байдал улам даамжирч байгаа тул зарим оршин суугчдыг хөрш зэргэлдээх улсууд руу нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлснээ В.Зеленський пүрэв гарагт мөн мэдэгджээ.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд хэлэхдээ, "Оросын арми нийгмийн зорилтод дэд бүтцэд агаарын цохилт өгөөгүй, тийм тохиолдол огт байхгүй, үүнд онцгой анхаарал хандуулж байгаа" хэмээн мэдэгджээ. Тэгвэл сэтгүүлчид дайны хөлд нэрвэгдэж байгаа Украины энгийн иргэдийн нөхцөл байдлын талаар Кремлийн тэргүүн Владимир Путин ямар бодлого баримталж байгааг Дмиртрий Песковоос асуужээ. Үүнтэй холбогдуулан Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Владимир Путин Украин болон тус улсын ард түмнийг устгах огтхон ч бодолгүй байгаа төдийгүй цэргийн тусгай ажиллагаа одоог хүртэл энгийн номхон иргэд рүү чиглээгүй гэдгийг цохон тэмдэглэжээ. Тэрээр "Украины эрх баригчдад нөхцөл байдлыг хэвийн байдалд оруулах, Оросын талын тавьсан шаардлагыг биелүүлэхийн тулд дорвитой шийдвэр гаргах, ард иргэдийнхээ учирч болох зовлонг гэтэлгэх бүрэн боломж байгаа” хэмээн мэдэгджээ.