Улсын хэмжээнд ойн  аж ахуйн салбарт 20 гаруй мянган мэргэжилтэн шаардлагатай

Монгол улсын Хөдөө Аж Ахуйн их сургуульд ойн аж ахуйн инженер мэргэжлээр 50 орчим оюутан суралцаж байна. Сүүлийн жилүүдэд тус мэргэжлээр суралцах оюутнуудын тоо эрс буурсаар энэ онд ердөө 10 оюутан төгсөх юм байна.  Гэтэл манай улсад эхлүүлээд байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхийн тулд ойн 20 гаруй мянган мэргэжилтэн шаардлагатай юм байна.

Төрөөс ойн инженерийн мэргэжлийг тэргүүлэх хорин мэргэжлийн нэгээр нэрлэсэн. Гэвч ойн инженерийн мэргэжлээр суралцах оюутнуудын тоо жилээс жилд буурч байгаа нь залуусын мэргэжлийн зах зээлийн үнэлэмж, ач холбогдлыг ойлгодоггүйтэй холбон тайлбарлаж байна. Уг нь Монгол улсад эхлүүлээд байгаа “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд  цаашид 23 мянга орчим ойн мэргэжилтэн хэрэгтэй гэж салбарынхан хэлж байна.

Ойн инженер мэргэжлээр төгссөн оюутнуудад ажлын байрны хүртээмж хангалтай байдаг. Сургуулиа төгсөөд сум орон нутгийн байгаль орчны хүрээлэн, төрийн болон төрийн бус байгууллагад хувиараа мод үржүүлгийн газар зэрэгт ажиллах боломжтой юм. Дөнгөж төгссөн оюутан мэргэжлээрээ ажиллахад дунджаар нэгээс хоёр орчим сая төгрөгийн цалин авдаг байна.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд шаардагдах гол хүчин зүйл нь мэргэжлийн боловсон хүчин буюу ойн аж ахуйн инженер. Гэтэл манай улсад энэ мэргэжлийг эзэмшсэн хүн ховор байдаг. Хөдөө Аж Ахуйн их сургууль жаран жилийн хугацаанд 1000 орчим ойн мэргэжилтэн бэлтгэн гаргажээ.