Гадаадын судлаачид Монгол нутаг дахь археологийн дурсгалыг 19-р зууны сүүлчээс анхлан бүртгэж тэмдэглэсэн байдаг бол шинжлэх ухааны үндэстэй судалгааг 20-р зууны эхэн үеэс хийж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд энэ салбар дахь боловсон хүчний ур чадвар сайжирсан гэж үздэг. Гэвч олдворын он цагийг тогтоож чадахгүй байх, олдворыг нарийн судлах лабораторийг худалдан авах гээд олон асуудалд төсөв санхүүжилтийн бэрхшээл тулгардаг байна
Бичгийн сурвалжаас ялгаатай нь археологи нь эд өлгийн зүйлээр түүхийг бүтээдэг. Монголын түүхийг дан ганц бичгийн сурвалжаар судлах юм бол Хүннүгийн үеэс урагшаа судлах боломжгүй болдог. Иймээс Монгол нутагт хүн анх үүссэн, хэрхэн тархан амьдарч байсан асуудал, Монголоор дамжуулаад Зүүн Хойд Азийн бүс нутаг, дэлхийн бөмбөрцгийн Умард хагаст хүн амьдарч байсан түүхийг зөвхөн археологийн судалгаанд үндэслэж л тогтоодог байна.
Сүүлийн жилүүдэд гадаадын улс орнуудтай түлхүү хамтран ажиллах болсон. Учир нь манай улсад археологийн олдворыг шинжлэх лабораторийн тоо цөөхөн байдаг. Тодруулбал, он цагийг тогтоох лаборатори байдаггүй бөгөөд өндөр өртгөөр хийгддэг юм байна. Мөн байгалийн шинжлэлийн дүгнэлт хийдэг лаборатори цөөн байна
Мөн археологийн салбарт боловсон хүчин сайжирч байгаа хэдий ч ажлын байр хомс байдаг талаар ярьсан юм. МУИС-ийн археологийн хөтөлбөрийн төгсөх ангийн 11 оюутан л байгаа юм. Үүнээс харвал энэ салбарын мэргэжлийг таниулан сурталчлах нь чухал байна.
Жилээс жилд лабораторийн зай талбай улам багасаж байна. Дараа дараагийн археологийн олдворуудаа хаана хадгалах вэ гэдэг асуудал тулгарч байгаа юм. Хэрвээ лабораторитой болчихвол бид бие даасан судалгаа хийх боломж бүрдэх талаараа салбарын төлөөллүүд хэлсэн юм.