Төр, хувийн хэвшил хамтран “Аж үйлдвэрийн 4-р хувьсгал ба Соёлын бүтээлч үйлдвэрлэл” зөвлөгөөн зохион байгууллаа
Өнөөдрийн байдлаар манай улсад соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 5000 гаруй ААН, байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл эдгээр байгууллагууд өөрсдийн оюуны бүтээлдээ үндэсний соёлыг шингээх, тэдгээрийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор төр, хувийн хэвшил хамтран “Аж үйлдвэрийн 4-р хувьсгал ба Соёлын бүтээлч үйлдвэрлэл” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Соёлын бүтээлч үйлдвэрлэл нь улс үндэстний өвөрмөц байдал, оюуны дархлааг тодорхойлдог гэж үздэг байна. Энэ агуулгын хүрээнд өнөөдөр "аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал ба соёлын бүтээлч үйлдвэрлэл" зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнөөр дөрвөн сэдвээр хэлэлцсний нэг нь үндэсний контент өрсөлдөх чадвар сэдэв байлаа.

Үндэсний контентийг зөвхөн эдийн засгийн эргэлтэд оруулах бус түүндээ үндэсний өв соёлоо шингээх нь дэлхийд Монгол улсыг таниулан, сурталчлах томоохон боломж. Үүний нэг жишээ нь Монгол кино контент олон улсын наадмуудад амжилттай оролцсоор ирсэн түүх юм.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлд зөвхөн кино урлаг бус “Хувцас загвар”, “Архитектур”, “Дизайн” гэх мэт 12 салбарыг тодорхойлсон байдаг. Салбар бүр өөрсдийн бүтээлдээ үндэсний соёлыг шингээж гадны улсад экспортолдог. 2020 оны байдлаар манай улсад 7,5 тэрбум америк долларын экспортын орлого орсоны 362 мянга 209 америк доллар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн экспортоос орж ирсэн байна. Энэ дүн нэмэгдэх боломжтой бөгөөд гагцхүү хууль эрх зүйн орчин дутмаг байгааг салбарын төлөөлөл хэлж байна.

Тиймээс ч зөвлөгөөнөөс гарсан санал, зөвлөмжийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлд тусган УИХ-ын Хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөжээ.