Монгол улсаас гадаадын улсад оршин суугаа 175.000 гаруй иргэн байна

Энэ жилийн тухайд Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээний дагуу 4000 гаруй Монгол улсын иргэн явжээ. Гадаадын улсад ажиллаж буй зарим иргэдийн хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаж чадахгүй байгаагаас үүдэж эрүүл мэнд, амь насаараа хохирох асуудал цөөнгүй гарсаар байна.

Одоогоор гадаадын улс оронд оршин суугаа 175.000 гаруй иргэн байна. Үүнээс БНСУ-руу хөдөлмөрийн гэрээгээр манай улсын иргэд хамгийн их зорьж очин ажилдаг байна. Тодруулбал, Монгол улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу 2004 оноос хойш 36.000 иргэн Солонгост дадлагажиж, ажил хөдөлмөр эрхэлсэн байна. Тэгвэл ажил олгогч компани зөвхөн цалин олгоод зогсохгүй тухайн ажилтныхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нь хангах ажиллуулах зайлшгүй шаардлагатай.

Саяхан гэхэд л БНСУ-ын Умард Кёнсан мужид барилга дээр ажиллаж байсан хоёр Монгол иргэн барилгын нурангид дарагдаж хүнд бэртсэн гэх мэдээлэл гараад байгаа. Энэ мэтчилэн гадаад улс оронд ажил хөдөлмөр эрхэлж буй Монгол улсын олон иргэд хөдөлмөрийн аюулгүй байдал нь хангагдаагүйгээс шалтгаалж мөн хувь хүний хариуцлагаас болж эрүүл мэнд, амь насаараа хохирсон жишээ олон байдаг. Тэгвэл энэ асуудалд Монгол улсаас ямар нэгэн байдлаар оролцох боломжгүй байна. Тодруулбал, тухайн улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол тус улсынхаа хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.

Мөн Монгол улсаас гадаадын улс орон луу хөдөлмөрийн гэрээгээр зуучилж байгаа ААН байгууллага үүрэг хүлээхгүй. Тухайн хохирсон ажилтны эрүүл мэндийн нөхөн төлбөр зэргийг тус улсаас заасан хэмжээгээр ажил олгогч нь нөхөн олгодог байна.