Жо Байден: Инфляцийн өсөлт удааширч байгаа нь баярын өдрүүдийн сайн мэдээ болж байна

“Шатахуун, цахилгаан бараа, орон сууцны үнэ буурсан нь инфляцийн өсөлтийг сааруулахад эергээр нөлөөлж эхэлж байна. Энэ нь баярын өдрүүдийн сайн мэдээ болж байна” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден  мягмар гарагт мэдэгджээ. Гэхдээ тэрээр инфляцийн түвшин хэвийн хэмжээнд хүрэхэд цаг хугацаа хэрэгтэй байгааг цохон тэмдэглэжээ.

Цагаан ордны тэргүүн Жо Байден цар тахлаас үүдэлтэй нийлүүлэлтийн сүлжээний хямрал, Украины дайнаас үүдэлтэй инфляцийн тогтворгүй байдлыг намжаахын тулд үйлдвэрлэлийн салбарт өндөр цалинтай ажлын байр ихээр бий болгох чиглэлд анхаарлаа хандуулна гэж мэдэгджээ.

АНУ-д шатахууны үнэ Украины дайн эхлэхээс өмнөх түвшинд хүрээд байгаа буюу нэг галлон тутамд 2 америк доллароор буурчээ. Шинжээчид нэгдсэн улсын 30 гаруй мужид дахин шатахууны үнэ үргэлжлэн унах төлөвтэй байгаа талаар мэдэгдсэн ч Жо Байден энэ чиглэлд дахин ахиц дэвшил гаргах шаардлагатай гэж үзэж байна.

Түүнчлэн цахилгаан бараа ,гар утас, ухаалаг төхөөрөмжүүдийн үнэ өмнөх оны мөн үеийн үзүүлэлттэй ижил түвшинд хүрсэн нь нийлүүлэлтийн сүлжээний хямралын хүнд үеийг давсныг харуулж байна гэж Цагаан ордны тэргүүн дүгнэжээ. Гэхдээ одоо АНУ-ын эрх баригчдын яаралтай шийдвэрлэх ёстой асуудал бол төмөр замын салбарын ажил хаялттай холбоотой асуудал гэж ажиглагчид үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт төмөр замын салбарын Үйлдвэрчний Эвлэлийн удирдлагууд ажиллах нөхцөлийг сайжруулж, цалин хангамжаа нэмэгдүүлэхийг Засгийн газраасаа шаардан ажил хаялт зарлахаа анхааруулаад байгаа юм. Харин Жо Байден Үйлдвэрчний Эвлэлийн аливаа шийдвэрийг Ардчилсан Ерөнхийлөгчийн хувиар дэмжинэ гэдгээ илэрхийлсэн ч Конгрессийн танхимаас нийтэлсэн төмөр замчдын ажил хаялтыг цуцлах санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

АНУ-ын хэрэглээний үнийн индекс сүүлийн дөрвөн сарын хугацаан дахь хамгийн доод үзүүлэлт хүрээд байгаа талаар тус улсын Хөдөлмөрийн Яамнаас мэдээлсэн ч нарийн тоон мэдээллийг танилцуулаагүй байна.