Он дуусахаас өмнө ААН-үүд НДЕГ-т өр төлбөрөө төлөхгүй бол иргэнд даатгуулагчийн 50 хувийн буцаан олголтыг нөхөж олгохгүй

Энэ оны 5-р сарын 1-ээс 12-р сарын 31-ыг хүртэл НДШ-ийн 50 хувийг 1 сая төгрөгөөс доош цалинтай иргэдэд буцаан олгож байгаа юм. Тэгвэл зарим иргэдийн дансанд буцаан олголтын мөнгө орохгүй байна. Энэ нь тухайн иргэний ажил олгогч байгууллага Нийгмийн даатгалын ерөнхий газарт өр төлбөртэй эсвэл даатгуулагчийн мэдээлэл зөрснөөс шалтгаалж байгаа юм байна.

Он дуусахад ердөө 30 гаруй хоногийн хугацаа үлдээд байна. Энэ хугацаанд ААН, байгууллага Нийгмийн даатгалын ерөнхий газарт өмнөх саруудын шимтгэлийн өр, төлбөрөө төлсөн тохиолдолд 1 сая ба түүнээс доош орлоготой ажилчдад 50 хувийн буцаан олголтыг нөхөн олгож болох юм. Харин энэ он дуусвал тухайн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийн буцаан олголтыг нөхөж олгохгүй юм байна.

Өнөөдрийн байдлаар 1.7 сая хүнд нийтдээ 61  тэрбум төгрөгийн НДШ-ийн 50 хувийн буцаан олголтыг олгоод байгаа юм. Харин 30.000 гаруй ААН-үүд Нийгмийн даатгалын ерөнхий газарт өр, төлбөртэй байна. Журам ёсоор тухайн сарын буцаан олголтыг дараа сарын 25-аас иргэдийн дансанд шилжүүлэх ёстой. Энэ хугацаанд буцаан олголтоо авч чадаагүй иргэний шимтгэл төлөгдөөгүй байна гэсэн үг юм.

Мөн тухайн даатгуулагчийн мэдээлэл зөрж байгаагаас шалтгаалж Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтын 50 хувь орохгүй байгаа бол тухайн байгууллагынхаа нягтлан, санхүүчээс тодруулж, дансны мэдээллээ оруулна.