Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга соёл урлагаар дамжуулан иргэдэд эр оронч үзлийг бий болгохыг зорьдог
Дэлхийд дөрөвхөн байдаг “цэргийн” гэх тодотголтой томоохон чуулгын нэг нь манай улсын Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга юм. Улс орны цэргийн үйл ажиллагааг соёл урлагаар дамжуулан сурталчилдаг энэхүү чуулгын 90 жилийн ой энэ сард тохиож байна.

1932 оны 12 дугаар сарын 12-ны өдөр уран бүтээлийнхээ анхны тоглолтоо толилуулсанаар одоогийн Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга байгуулагдаж байжээ. Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга Монголд анхны найрал дуу, хөгжим, бүжгийн хамтлагийг үүсгэн байгуулсан гэдгээрээ онцлог байна. Мөн уран бүтээлчдийн эгнээнээс алдар цуутан, төрийн шагналтнууд, ардын жүжигчид, урлагийн гавьяат зүтгэлтнүүд, түүний дотроос 80 гаруй гавьяат жүжигчид төрөн гарсан байна.

Энэ 12 дугаар сард 90 жилийн ой нь тохиож байгаа уг чуулга Батлан хамгаалах яаманд харьяалагддаг ч уран бүтээл, соёл урлаг талаасаа Соёлын яамны дэмжлэгтэйгээр ажилладаг байна. Өнөөдрийн байдлаар чууулга 180 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд улс орны цэргийн үйл ажиллагааг урлагаар дамжуулан иргэдэд хүргэх, мөн гадны зочид төлөөлөгчдөд Монгол соёл урлагийг таниулан сурталчлах үүргийг гүйцэтгэдэг байна.

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын урын санд 3000 орчим бүтээл хадгалагддаг байна. Үүний 40-өөс илүү хувь нь ард иргэдэд хандсан ардын дуу, бүжгийн бүтээлүүд байна.