Өнгөрсөн сарын 27-нд БНСУ-ын ачааны том оврын тээврийн хэрэгслийн жолооч нар ажил хаялт зарласнаас хойш 1.6 их наяд вон буюу 1.2 тэрбум америк долларын хохирол учраад байгаа талаар холбогдох албанаас мэдээлжээ. Өмнөд Солонгосын 20 мянга гаруй тээврийн жолооч ажил хаялтад нэгдээд байгаа ч тус улсын Засгийн газар Үйлдвэрчний Эвлэлтэй зөвшилцөлд хүрэх төлөвгүй байгааг “Ройтерс” агентлаг мэдээлжээ.
Өнгөрсөн 11-р сарын 27-нд БНСУ-д ачааны том оврын тээврийн хэрэгслийн жолооч нар цалин хангамж, ажиллах нөхцөлөө сайжруулахыг засгийн газраасаа шаардан cүүлийн зургаан сарын хугацаанд хоёр дахь удаагаа томоохон хэмжээний ажил хаялт зарлажээ. Өнгөрсөн долоо хоногт ажил хаялт эхэлснээс хойш долоо хоногийн дотор цемент, ган, автомашин, газрын тос боловсруулах үйлдвэрүүд 1.6 их наяд вон буюу 1.2 тэрбум америк долларын нийлүүлэлтийн алдагдал хүлээсэн гэж Өмнөд Солонгосын Аж Үйлдвэрийн яамнаас мэдээлжээ. Үүнд 731 тэрбум воны өртөгтэй ган, 319 тэрбум воны өртөгтэй 6000 гаруй автомашин, 442 тэрбум воны үнэ бүхий нефтийн бүтээгдэхүүнийг тээвэрлэх боломжоо алдсан гэжээ.
Засгийн газрын мэдээлснээр эрх баригчид ачааны том оврын тээврийн хэрэгслийн жолооч нарын цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэхгүй гэж үзэж байгаа бол Үйлдвэрчний Эвлэлийн төлөөлөгчид уг шийдвэрээ эргэн харах хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм. Мөн тус улсын Ерөнхийлөгч Юн Сок Ёль эдийн засгийн хямралын үед улс орныхоо ханган нийлүүлэлтийн сүлжээг барьцаалж байгаа жолооч нарын уг үйлдлийг таслан зогсооно гэдгээ цохон тэмдэглэжээ.
Түүнчлэн энэ долоо хоногт Өмнөд Солонгосын Парламентын гишүүдийн цементийн үйлдвэрийн тээврийн жолооч нар ажил хаялтаа зогсоохгүй бол эрх баригчдын тусгай зөвшөөрлийн дагуу өндөр торгууль ногдуулна эсвэл шоронд хорих хүртэл арга хэмжээ авч, дахин жолоо барих эрхийг нь хязгаарлахаар бэлтгэж байгаа талаар мэдэгджээ.