Энэ сарын эхээр Кремлийн эрх баригчдын захиалгаар явуулсан санал асуулгын дүнгээр ОХУ-ын иргэдийн 55 хувь нь Украинтай энхийн хэлэлцээр хийхийг дэмжиж байгаа нь ил боллоо гэж Латвийн “Медуза” агентлаг мэдээлжээ. Санал асуулгад оролцогсдын ердөө 25 хувь нь дайныг үргэлжлүүлэхийг дэмжсэн байна.
Владимир Путины Засаг захиргаа өнгөрсөн 9-р сард хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарласнаас хойш Орос улсын иргэдийн дайныг харах өнцөг өөрчлөгдсөн гэж шинжээчид үзэж байна. Дээрх санал асуулгын үр дүн Кремлийн “Зөвхөн дотоод хэрэгцээнд” зориулагдсан, нууц материалд тооцогдож байсныг дотоод эх сурвалжууд ил болгожээ.
Үүнээс гадна өнгөрсөн пүрэв гаргаас эхлэн ОХУ-д “Гадаадын агентууд” хэмээн нэрийдсэн шинэ хууль хэрэгжиж эхэлсэн байна. Кремлийн эрх баригчдын дунд Украины дайны улмаас санал зөрөлдөөн нэмэгдсэн тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд уг хуулийг хэрэгжүүлж эхэлсэн гэж ажиглагчид үзэж байна. Товчхондоо дайныг эсэргүүцэж байгаа иргэдийн эсэргүүцлийн жагсаалыг дарахын тулд хууль санаачлан хэрэгжүүлж байна гэжээ.
Ес дэх сардаа үргэлжилж байгаа Украины дайны улмаас Орос улс хүн хүч, зэр зэвсгийн их хэмжээний хохирол амсаж, Өрнөдийн улсуудын хориг арга хэмжээний улмаас эдийн засаг нь сулраад байгаа юм.