Аялал жуулчлалын тур, операторын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхлэхийг салбарын төлөөллүүд эсэргүүцэж байна

2020 оны 5-дугаар сард батлагдсан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус салбарын төлөөлөл ААН-үүд эсэргүүцэж байна. Хуулийн шинэчилсэн найруулгад үндэсний сан байгуулан компани бүрээс хураамж авах, цаашилбал жуулчны ямарваа нэг үйл ажиллагаа эрхлэхэд тусгай зөвшөөрөл авах, зөвшөөрөлгүй газар майхан барьж буудаллавал зөрчлийн хуулиар 300 мянган төгрөгөөр торгох зэрэг заалт тусгагдсан байна.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд Аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор 2000 онд батлагдсан аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн бариад байгаа юм. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд аялал жуулчлалын байгууллагыг тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага гэж ангилан, тур операторын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхлэх, аялал жуулчлалын мэргэжлийн холбоо байгуулах, сум, дүүргийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэрийнхээ аяллын маршрутыг тогтоох гэсэн хэд хэдэн онцлох заалтуудыг оруулсан байна. Харин аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг ААН, хувь хүмүүсийн төлөөлөл зарим заалтуудыг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

Тэгвэл салбарын төлөөллүүд аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын зарим заалтууд хувийн бизнес эрхлэгчдийг хэт боомилсон нь авилгийг дэмжсэн схем болно гэж үзэж байна.

Мөн хуулийн шинэчилсэн найруулгад Үндэсний сан байгуулан компани бүрээс хураамж авах, жуулчид зөвхөн зөвшөөрөгдсөн цэгүүдэд майхан барьж буудаллах зэрэг заалтууд орсон байна. Хуулийн заалтуудыг зөрчсөн тохиолдолд зөрчлийн хуулиар торгох зэрэг заалт тусгагджээ.